Холливудын жүжигчин Гвинет Пэлтроу 1999 онд “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэх хүртлээ туулсан хүндхэн үеийнхээ талаар эргэн дурсжээ. Тэрбээр тухайн үеийн шагналын улирал асар их дарамт, завгүй хуваарьтай байсан бөгөөд “Энэ бүхэн үнэхээр галзуу байсан” хэмээн тодорхойлсон байна.
Өдгөө 54 настай жүжигчин өөрийн шинэ подкаст болох “The Goop Guide with Gwyneth Paltrow”-доо жүжигчин Ке Хю Куантай ярилцах үеэрээ энэ тухай хуваалцжээ.
Пэлтроу 1998 оны “Shakespeare in Love” кинонд Виола де Лессепсийн дүрийг бүтээснээрээ 1999 оны Академийн шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй жүжигчний “Оскар” хүртсэн юм. Тэр үед тэрээр дөнгөж 26 настай байжээ. Тэрбээр “Бидэнд мэдээж нийгмийн сүлжээ байгаагүй. Гэхдээ бүх зүйл үнэхээр эрчимтэй өрнөдөг байсан. Аялан тоглолт, хэвлэл мэдээллийн ярилцлага, дахин дахин ярилцлага… Энэ бүхэн бүтэн цагийн ажил болчихдог байлаа” гэж хэлсэн байна.
Гвинет Пэлтроу 1999 оны “Оскар”-ын шагналыг хүртсэнээс хойш “The Talented Mr. Ripley”, “Proof” зэрэг кинонд тоглож, жүжигчний карьераа үргэлжлүүлсэн. Мөн 2011 онд “Glee” цувралд зочин дүр бүтээснээрээ телевизийн “Эмми” шагнал хүртэж байв.

