Монголын аугаа их түүхийн тавцанд алдар гавъяа, үйл хэргээрээ мөнхөрсөн 9 эх хатдын тухай “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульс 2013 оны 12 сарын 15,16,17-нд 19:00 цагт Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа амжилттай тоглогдож байгаа билээ. Уг жүжгийн эрхэмсэг үзэгчдийн сэтгэгдлийг тольдвол "Монголын үзэгчдэд төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан Монгол угсаатанд үзүүлэхсэн" хэмээн санагалзаж, бахдам сэтгэлээр дүүрэн байцгаалаа.
“МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульсын Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ерөнхий захирал/, Цомнолыг Н.Болд /дэд захирал/, Хөгмийн зохиолч Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Дэглэн найруулсан Д.Баярбаатар /ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийн найруулга М.Бирваа, Бүжиг дэглээч УГЖ А.Даваахүү, СТА Х.Хашхүү, Удирдаач Н.Буянбаатар, Үндэсний Их Найрал хөгжимчид, Дуучид, Тоглолтын ерөнхий менежер МУСТА Б.Нямсүрэн нар ажиллажээ.
Монгол Хатадын дүрд:
Хоо марал хатан / Хоо марал хатны дүрд МУСТА, Саранцэцэгийн Цэцгээ: Бида хэмээх Монгол Улсын анхны ноён Хиад /Хиад Боржигон/ овгийн удирдагч Бөртэ чину, Гэргий Хоо маралын хамт 8-р зууны үед Эргүнэ-Хун хэмээх нутгаас /Сияны нуруу/ нүүдэллэн Онон, Хэрлэн, Туул голын эхэн Бурхан Халдун уулнаа ирэн суурьшсан домогтой. Батцагаан / Батачихан/ хөвүүнийг төрүүлсэн буюу. Монголчууд бидний бахархалт дээд өрлөг эх болох бөлгөө.
Алун гоо хатны дүрд МУСТА, Гэрлээгийн Уянга: Алун гоо хатан бол Хорь түмэдийн ноён Хорилдай мэргэн, Баргужин гоо хатан хоёрын охин 10-р зууны үед амьдарч байсан /930-940 оны үед төрсөн/. Бөртэ чинугийн арав дахь үеийн ач, Чингис хааны арван нэг дэх үеийн дээд өвөг Добу мэргэний гэргий. Бүгүнүдэй, Бэлгүнүдэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвүүн төрүүлсэн. Алун гоо хатны үр хүүхдүүдцээ захиж сургасан сургаал нь олон үеийн туршид Монгол төр ёсны оршин тогтнох эв эеийн сургаал номлол болон уламжлагдаж ирсэн билээ.
Өэлүн хатны дүрд МУСТА, бүжигчин Төмөрхуягийн Ариунжаргал: Хатан төрсөн үжин эх Хатаасан шор барин явж Халдун уулыг өгсөж уруудаж Хавийн мангирыг малтан түүж Хаад хөвүүдээ хайрлан тэжээж Ханатал цадтал идүүлж өсгөв.
Сурвалж бичигт тэмдэглэснээр Өэлүн хатан 1143 / заримд нь 1139 онд/ онд төрсөн. Хонгирад /аймгийн/-ын Горлос аймгийн Олхонуд овгийн Нохосын охин. Хиад Боржигоны Есүхэй баатрын гэргий. Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хөвүүн, Тэмүлүн охин төрүүлсэн.
Чингис хааны зарлигаар 1206 оиы Их хуралдайд “Төрийн хатан эх”-ээр өргөмжилсөн. 1220 онд нас барсан.
Бөртэ хатны дүрд МУСТА, бүжигчин Пүрэвмашын Мөнхцацрал: Хонгирад аймгийн Босхаул овгийн Дэй сэцний охин. 1161 онд төрсөн. Чингис хааны их хатан. Зүчи, Цагадай, Өгэдэй, Толуй дөрвөн хөвүүн, Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн, Түмэлү, Толой зургаан охин төрүүлсэн. 1265 онд Хубилай хаан өөрийн эмэг эх Бөртэ хатныг “Богдын түшээ, гэгээн ивээлт хатан” эрхэм цолоор нэхэн шагнасан.
Дөргэнэ хатны дүрд МУСТА, бүжигчин Энхтайвангийн Номин: Найман аймгийн удирдагч Тогтоа бэхийн ахмад хөвүүн Худугийн хатан байгаад 1204 оны мэргэдийг байлдан дагуулсан дайнаар олзлогдсонд Чингис хаан өөрийн хөвүүн Өгэдэйд хатан болгон өгсөн. Дөргэнэ хатан Гүюг, Годан, Хүлгэн, Хүчү, Хадаан таван хөвүүн төрүүлсэн. Өгэдэй хааныг нас барснаас хойш 1241-1246 оны хооронд Их Монгол Улсын төрийг барьсан хатан. Төр барих хатан ухаан, шантаршгүй зоригтон байсан боловч төрийн хуйвалдаанд оролцон Их Монгол Улсын дотоод хямралыг дэгдээгч алдаатан хэмээгдэн түүхэнд үлдсэн.
Сорхагтани хатны дүрд МУСТА, бүжигчин Мягмарын Бямбаа: Хэрэйд аймгийн ван Тоорилын дүү Жаха хамбугийн Онхожин овогт Сорхагтани 1203 онд Чингис хааны отгон хөвүүн Толуйн хатан болсон. Сорхагтани хатан бол их хаан Мөнх, Юань улсыг үндэслэгч Хубилай, Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү, уугуул Монгол орноо захиран суусан Аригбөх дөрвөн их хааныг төрүүлсэн их гавьяатан.
1225 онд Чингис хааны зарлигаар “Төрийн бөө цэцэн хатан”-аар өргөмжлөгдсөн. 1252 онд насан эцэслэх хүртлээ Их Монгол Улсын Их хуралдайн даргаар томилогдон ажилласан төрийн мэргэн түшээ, чадварлаг удирдагч хатан байв.
Чимбай хатны дүрд бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор: Хонгирад аймгийн Алчи ноёны охин. Хубилай хааны олон татвар эмээс оюун ухаан, авьяас билгээрээ тодрон Юань гүрний их хатан болж чадсан ухаант хатан. Дорж, Мангала, Чингим, Номгон дөрвөн хөвүүн төрүүлсэн. 1294 онд Хубилай хааны ач хөвүүн Өлзийт Төмөр хаан эмэг эх Чимбай хатныг “Гэгээн ухаант зохист хатан эх” хэмээн өргөмжилсөн. 1284 онд нас барсан.
Самар хатны дүрд МУГЖ, бүжигчин Шагдарын Одонтуяа: Элбэг нигүүлсэгч хаан Майдарбал, хатан Гэвгүдэй хоёрын охин. Ойрадын Батулай чинсаны гэргий, жинхэнэ боржигон овгийн хатан. Монгол төрийн “Харанхуй үе” гэгддэг 14-р зууны үед Чингис хааны алтан ураг, Боржигон аймгийн ганц удам Баянмөнх жононг аварсан их гавьяатан. Алтан ургийн төлөө, нийт монголчуудын эв нэгдлийн төлөө өөрийн ач хүү Ойрадын Эсэн тайжтай өндөр дээд настай ч / 70 гаруй настай/ тулалдаан хийж явсан баатар хатан.
Мандухай сэцэн хатны дүрд МУСТА, бүжигчин Жамсрангийн Мандухай: Түмэдийн энгүд овгийн Цоросбай Төмөр чинсангийн охин Мандухай сэцэн хатан 1448 онд төрсөн / зарим сурвалж бичигт 1438 онд төрсөн гэж бичсэн/. 1465 онд 16 настайдаа Мандуул хааны хатан болсон. Мандуул хааныг нас барсны дараа алтан ураг, Монгол Улсын төлөө 7 настай Батмөнх хүү /Баянмөнх жононгийн хүү /-тэй сүй тавьж Монгол төрийг удирдсан. 1470 онд Батмөнхийг хаан ширээнээ суулган “Даян хаан” хэмээн өргөмжилсөн. 1488 онд Хэрлэн мөрний хөвөөнд их найр хийж төр улсаа засах дархан эрхээ шилжүүлэн өгсөн.
Мандухай сэцэн хатан Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Алчуболд, Ичирболд, Очирболд 7 хөвүүн, Төрөлт гүнжийг төрүүлсэн өрлөг эх. Бүх Монгол Улсаа 40 жил нэгтгэн захирсан сэцэн билэгт хатан, төрийн гарамгай бодлоготон хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Ингээд та бүхэндээ “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульсын фото сурвалжлагыг хүргэж байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn