Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүнд төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.
Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэлжээ.
Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн болж буй.