Ширэнгэн ойн Шаалуу хүү Мауглийг мэдэхгүй хүн өдгөө үгүй биз ээ. Хүний ертөнцөд мэндэлсэн ч онгон байгалийн зэрлэг амьтдын гэр бүлд өссөн хүүгийн адал сонин явдлыг анхлан өгүүлэгч нь Нобелийн шагналт Английн их зохиолч, яруу найрагч Ричард Киплинг юм.
Тэрбээр 1865 онд тухайн үед Англи улсын колони орон байсан Энэтхэгийн Бомбей хотод төрж, таван нас хүртлээ Энэтхэгт байжээ. Р. Киплинг хүүхдүүдэд зориулан олон гайхамшигтай богино үлгэр түүх, шүлэг зохиол бичсэн бөгөөд зохиол бүхэн нь 100 гаруй жилийн туршид хүүхдийн хамгийн шилдэг бүтээлүүдийн тэргүүнд бахархалтайгаар залагдсаар байна.
Р. Киплинг хүн төрөлхтний оюуны санг баяжуулсан хурц тод, цэцэн цэлмэг яруу найраг, амьдралын үнэнийг уран сайхнаар нээн үзүүлсэн тууж, тэмдэглэл олныг туурвисан учир Нобелийн шагналыг 1907 онд хүртжээ. Түүний тухай зохиолч Хенри Жэймс “Миний л мэдэхийн Ричард Киплингээс өөр суу билгийг төгс цогцлоосон зохиолч алга” хэмээн өгүүлж байжээ.
Киплингийн баялаг хэл, ур чадварын гайхамшиг, өгүүлэмжийн сонин содон санаа нь хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт асар үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Р. Киплингийн зохиол бүтээлтэй та бид аль 1950-иад оны сүүл үеэс эхлэн эх хэлээрээ танилцсан бөгөөд “Шаалуу хүү Маугли”, “Зааны тугал” зэрэг үргэлжилсэн үгийн бүтээлүүд нь манай оронд хэдэнтээ хэвлэгдэн гарсан юм. Мөн их гүүш, соён гэгээрүүлэгч М. Цэдэндорж цөөнгүй шүлгүүдийг нь орчуулан монголчуудынхаа оюуны хүртээл болгож байжээ.
Манай “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын ЭРДЭНЭСИЙН САН – 108 цувралд Р. Киплингийн “Зүгээр л үлгэрүүд”, “Шаалуу хүү Маугли”, “Шидэт толгодын савдаг” зэрэг шилдэг бүтээлүүдийг оруулсан болно. Эдгээрээс “Шидэт толгодын савдаг” зохиол нь ах дүү Дэн, Юна хоёр болон шидэт савдаг Пак гурвын адал явдлаар холбогдсон олон үлгэрүүдийн нэг хэсэг юм.
Пак бол ардуудын дунд “Эльфүүдийн омог” хэмээн алдаршсан, Английн мөхөөд дуусч байгаа омгийнхны сүүлчийн үлдэгдэл билээ. Тэд өөрсдийгөө Толгодын эзэд гэдэг. Ингээд алдарт Пак маань мөнөөх ах дүү хоёрт ид шид бэлэглэжээ. Царс, Яшил, Үүргэний ид шидээр ах, дүү хоёр өнгөрсөн үеийн бүх түүхийг нүдээрээ үзэж, чихээрээ сонсох боломжтой болж гэнэ.
Тэд Пакийн дуудаж ирүүлсэн янз бүрийн сонин хүмүүстэй эдлэндээ, ой дотор, талбайд үе үе уулзаж эхэлжээ. Тэдний нэг нь Нормандын байлдан дагуулагч рыцарь, нөгөө нь Ромын армийн зуутын дарга, бас нэг нь долдугаар Хенрихийн үеийн барилгачин, нэрт зураач… гэхчлэн хүмүүс байв.
Хойтон жил нь хүүхдүүд Пактай дахин уулзжээ. Тэд өсч томрон, нэлээд хэрсүүжиж, хөл нүцгэн гүйлддэг балчир зангаа орхисон ч Пак үерхэл нөхөрлөлдөө үнэнчээ илэрхийлэн ах дүү хоёрыг өнгөрсөн үеийн улам олон баатартай танилцуулжээ.
Пак хамтдаа зугаалан явж, ярилцаж байхдаа мэдэж авсан бүх зүйлийг нь тэдний ой ухаанаас арчин хаядаг зуршлаа орхиогүй хэдий ч бусад зүйлийн хувьд хөндлөнгөөс огт оролцдоггүй байв. Тиймээс Дэн, Юна хоёр цэцэрлэг дотор, цэцэрлэгт хүрээлэнд хамгийн ер бусын хүмүүстэй чөлөөтэй ярилцдаг байв.
Энэхүү “Шидэт дагинын бэлэг” ном энэ бүх уулзалтын нууцыг та бүхэнд задалж, ямар үйл явдал болж өнгөрсөн талаар өгүүлэх болно. Энэ ном шинээр хэвлэлд шилжлээ.
Б.Номинчимэд