Ватиканы музей Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг бүрхсэн цагаан, шохойлог давсан бүрхүүлийг цэвэрлэх нарийн ажиллагааг эхлүүлжээ. Энэ нь Сэргэн мандалтын үед хамрах уг бүтээлд сүүлийн 30 жилийн хугацаанд хийгдэж буй анхны томоохон сэргээн засварлалт болж байна.
Бямба гарагт Ватикан хэвлэл мэдээллийнхэнд одоо хийгдэж буй цэвэрлэгээний ажлын явцыг танилцуулсан бөгөөд Систины сүм дотор шалнаас тааз хүрсэн тавцанг байрлуулжээ. Нарийн цэвэрлэгээний энэ ажил Улаан өндөгний баяр хүртэл үргэлжилж, дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт дуусахаар төлөвлөгджээ.
Сэргээн засварлалтын үеэр ч жуулчид сүмд зочлох боломжтой. Гэхдээ тэд тавцанг халхалсан дэлгэцэн дээр давхарлуулан байрлуулсан “Эцсийн шүүлт”-ийн хуулбарыг үзэх юм. Ватиканы музейн албаныхны тайлбарласнаар, өдөр бүр ойролцоогоор 25 000 хүн дамжин өнгөрдөг уг танхимд үүссэн давсан бүрхүүл энэхүү засвар үйлчилгээний шалтгаан болжээ.
“Энэ давс нь юуны өмнө бид хөлрөхдөө сүүн хүчил ялгаруулдгаас үүсдэг. Харамсалтай нь сүүн хүчил нь хананд агуулагдах кальцийн карбонаттай урвалд ордог” гэж цэвэрлэгээг хянаж буй Ватиканы музейн шинжлэх ухааны судалгааны багийн ахлагч Фабио Морези хэлсэн байна.

Түүний хэлснээр, уур амьсгалын өөрчлөлт ч мөн нөлөөтэй аж. Зочид илүү их хөлөрч, илүү их чийг үүсгэснээр энэ нь фресктэй урвалд орж, давсны давхаргыг нэмэгдүүлдэг аж. Фреск гэдэг нь нойтон шохойн шавардлагатай ханан дээр усан суурьтай будгаар зурдаг ханын зургийн арга техник юм. Уг техникийн онцлог нь зургийг нойтон (шинэ) шохойн шавардлага дээр зурна. Пигмент нь шавардлагатай химийн урвалд орж (кальцийн карбонат үүсэх явцад) хананд байнгын бэхлэгддэг. Иймээс фреск нь олон зуун жил хадгалагдах боломжтой, маш бат бөх байдаг
Ватиканы музейн захирал Барбара Жатта цэвэрлэгээнд ашиглаж буй хальсыг “катаракт” буюу нүдний болор цайхтай зүйрлэж, ингэж арилгах нь харьцангуй хялбар гэж тайлбарлав. Сэргээн засварлагчид Японы цагаан будааны цаасыг нэрмэл усанд дүрж, фреск дээр наасны дараа давсны үеийг болгоомжтой арчиж цэвэрлэдэг байна.
Цэвэрлэгээний өмнөх ба дараах ялгаа маш тодорхой ажиглагджээ. Цэвэрлээгүй хэсгүүд нь шохойлог тоосоор бүрхэгдсэн мэт харагддаг бол цэвэрлэсэн хэсгүүдэд анхны тод өнгө, нарийн деталь тодрон гарч ирж байна. Жишээлбэл, фрескийн төв хэсэгт буй Есүсийн дүр дээр үс болон цовдлолтын шархыг Микеланжело хэрхэн зурсан нь тод харагдах боломжтой болжээ.
Систины сүм нь 15-р зуунд папын гол сүмийг барих ажлыг удирдсан урлагийн ивээн тэтгэгч Пап Сикстус IV-ийн нэрээр нэрлэгдсэн. Харин дараагийн пап болох пап Юлиус II Микеланжелод 1508–1512 оны хооронд алдарт таазны зургийг, тэр дундаа Бурханы сунгасан гар бүхий “Адамыг бүтээсэн нь”-ийг зурах захиалга өгч байв. Улмаар пап Клемент VII 1533 онд Микеланжелог эргэн ирж “Эцсийн шүүлт”-ийг зураач хэмээн захиалсан гэдэг.
Систины сүмийн бусад фрескууд жил бүр цэвэрлэгддэг бөгөөд сэргээн засварлагчид шөнөөр өргөгч тавцан ашиглан ажиллаж, өглөө жуулчид ирэхээс өмнө тоног төхөөрөмжөө буулгадаг байна. Тус сүмд өнгөрсөн тавдугаар сард пап Лео XIV сонгогдсон юм.
Гэвч “Эцсийн шүүлт”-ийн хувьд ийм хөдөлгөөнт төхөөрөмжүүд бүх хэсэгт хүрч чаддаггүй. Учир нь фреск нь гантиг шат бүхий өндөрлөг дээр байрлах тахилын ширээний ард байрладаг. Ийм хүндрэлээс шалтгаалан бүтээлийг бүхэлд нь цэвэрлэхийн тулд суурин тавцан угсрах шаардлагатай болжээ. Систины сүм 1979–1999 оны хооронд бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийлгэсэн бөгөөд олон зууны турш хуримтлагдсан утаа, хир тоос, лааны тосны давхаргыг тэр үед цэвэрлэсэн юм. Ватикан сэргээн засварлахаас өмнөх фрескийн багахан хэсгүүдийг санаатайгаар хуучин хэвээр нь үлдээсэн бөгөөд ингэснээр ялгааг харах боломжтой болжээ. Эдгээр хэсгүүд одоо тавцангийн дээд хэсгүүдэд харагдах ба ханын гадаргуу нь харласан мэт харагддаг байна.
Зочдын тоог эрс цөөрүүлэхийн оронд Ватикан чийгшлийн түвшнийг бууруулах арга замыг судалж байгаа аж. Үүнд агаар шүүх систем болон бусад технологийн шийдлүүдийг ашиглаж, давсны хальс дахин үүсэхээс сэргийлэх зорилготой байна.
Эх сурвалж: Eagle.mn

