Хоцрогдол нь бахархал болсон оюуны соёл буюу манай зохиолчдын “янаглал”
Жил дамнаад “Болор цом”, “Утгын чимэг” наадмуудын эхний шатыг шүүлцлээ. Цэх шулуун үгээр үнэнхүү хэдэн зүйл бичье.
Нэг. “Урлагийн тогоо” хэмээх оюуны соёлын сав суулга
Уран бичлэг, содон сэтгэлгээ, шинэ санаа, гойд хийсвэрлэл, өгүүлэмжийн хэв маяг, уран сайхны нээлт, гоо зүйн дүр дүрслэл, дүрийн дотоод сэтгэл зүй, үгсийн нандин мэдрэмж холбоо… гээд ерөөс уран сайхнаар бүтээх бүхий л шаардлагаар хоцрогдсоноо бахархал, хэм хэмжүүр, “монголжингоо” мэт ярьдаг оюуны соёл манай зохиолчдын дунд нэгэнт нүүрлэжээ.
Биенийхээ загварт баригдсан, хөгжүүлж боловсруулсан зүйлгүй, хиймэл хүүрнэлтэй, тохмол яриатай, утга санааны харилцаа далайцгүй нэлмэгэр зохиомлыг урамшуулж суудаг жигтэй оюуны соёл давтан хэлэхэд манай зохиолчдын дунд авралгүй нүүрлэжээ. Оюуны соёл гэдэг үгийг зохиолчдынхоо үгийн сангаас хасах хэрэгтэй юм шиг ээ. Бидэнд урлагаар илрэх оюуны соёлын ай сав биш “урлагийн тогоо” хэмээх оюуны онцгой соёлын сав суулга байдаг билээ.
Шүлэг, өгүүллэгийг уран сайхны илтэд үзүүлбэр, уяраах юм уу, омогшуулах л албадмал үүрэгтэй бичвэр мэт чинхүү ойлгоод, түүнээ үндэсний шилдэг бүтээлээр цолломоор буй бол өөр уралдаан тэмцээн өвөр зуураа сэдэж, ялгаж салгаасай даа. Уншигч, сонсогч, үзэгч, хүртэн мэдрэгч хүмүүсийн уран сайхны таашаал, гоо зүйн мэдрэмж, сэтгэлгээний харилцаа оюуны өндөр соёлд очсоныг яаж үглэх вэ?
Хоёр. Уншигчаа доромжлон цэнгэх “янаглал”-ын тойрог
Нэгийгээ нэг нь түрүүлүүлж, нөгөө нь дараагаар шүүж өнөө нэгийг үхэн хатан чирч гарган уншигч, үзэгчээ үргэлж доромжлон цэнгэцгээдэг үйл тамын тойрогтой. Хайран чиг нэр хүндтэй уралдаан, хайран чиг уран зохиолын үнэ цэнэ.
Жинхэнэ бүтээлийн алдар цуу, чанар чансаа, нэр нөлөөг алдаршуулах бус өөр өөрсдийнхөө нэр алдрыг ухнатан бодож, өөр өөрсөдтэйгөө доройтон “янаглалцах”-ын уй гунигтай, гэрэл гэгээгүйг яана. Яана даа, яана.
“Болор цом” наадмын хоёр дахь шатны шүүлтийн элий булайг үзэгчийн суудлаас шууд илэрхийлж гутаж суусан. “Утгын чимэг”-т харамсалтай нь дахин үргэлжлэв. Өөрчлөгдөхөөс өнгөрсөн мэт хав харанхуй татах юм. Энэ чинь сайхан наадам л шүү дээ. Аварга, арслангууд ямар ч сул юм бичсэн бай уншигч хараад цэнгэж байг гэж хэлэх “бөх шинжээч зохиолч” хүртэл байхыг харамсан харсан даа.
Шинэ сэргэгээр эрэлхийлэн туурвиж буй хүмүүс нь энэ жонхуунаас жийрхээд бүтээлээ өгч, үгийн урныг таашаалцахаас ч жигшитлээ наадмуудынхаа нэр хүндийг хуваагаад зусалчихсан гавьяа үе үед үргэлжилдэг.
Эхний шатны шүүлтэд суухаар дараагийн шатанд шалгаруулах цөөхөн хүмүүсийн нэрэнд автоматаар хэдэн нөхөд хөдлөшгүй шургаад ороод ирнэ. Тооны харьцаагаар санал аваад хүчиндээд шийдчихнэ. Хөдлөшгүй байрших хүмүүс хийгээд улайран хаацайлж хавчуулах хүмүүс нь аанай л надаас илүү бичих хүн үгүй гэх агуу зохиолчид маань өөрсдөө. Сэтгэлгээ, тогтолцоо, харилцаа, хоцрогдлын “янаглал” ийн үргэлжилнэ. Яана даа, яана.
Уншигчид нь хүлээж авахгүй залхаад, ямар хоцрогдсоныг мэдрээд байхад агуу зохиолчид харин үл мэдэрнэ. Бид л бичиж, сэтгэж, захиаг хүртэл бид л зохиож бичдэг, бидэнд зохиолчийн өчнөөн олон диплом бий гээд хээвнэг ярих хүмүүс хүртэл байна шүү дээ. Дахиад л өөр өөрсдийгөө л дөгөөж үлэмж яруугаар “янаглана”. Өөр мэдрэх юм, өөрчлөх зүйлс санаанд нь огтоос торохгүй.
Бүтээхээ бүтээж, хүртэхээ хүртэж, хүндлэл дагуулсан буурлууд хүртэл цаанаа баавар, зангараггүй зан гаргаж, жижгэрэн үглэж доошлох юм. Яана даа, яана.
Шагналын дараа автоматаар хүмүүс чихэж ичихгүй чичирч суусан улс арьсаа хамгаалахын тулд эхэнд шүүсэн хүмүүсийг хов зөөж, эсвээс улаан цайм зохиомол зүйл сэдэж өөрөө сайн хүний үлгэрийн төгсгөлөөр жаргах гэж зүднэ. Яана даа, яана.
Бидэнд ужгиран орших, “урлагийн тогоон” доторх “янаглал” бүхий онцгой оюуны соёлын сав суулгыг бурхан өршөөг!
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.ЧОЙДОГЖАМЦ