Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2013” наадам өнөөдөр шилдгүүдээ тодруулна. 27 дахь жилтэйгээ золгож буй тус наадам энэ сарын 20-ныг дуустал Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд бүртгэлээ авсан бөгөөд монголын дууны урлагийн олон арван бүтээлүүд нэр дэвшин өрсөлдөж буй юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил “Морин хуур-2012” наадамд ая зохиогч хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн нийт 100 гаруй уран бүтээл өрсөлдсөн билээ. Тус бүтээлүүдээс гранпри шагналыг төрийн шагналт, УГЗ Б.Шарав хүртэж, нэгдүгээр байранд Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны дарга, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, удаах байранд хөгжмийн зохиолч Т.Сэр-Од орсон бол гуравдугаар байранд Залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц тус тус шалгарсан юм.