Хунсар…Тиймээ ийм л танхил гоо нэртэй хөгшин эмээ байдгийг та бүхэн хэзээ нэгэн цагт дуулсан уу? Зэрлэг онгон байгальд үзэсгэлэнт эгч дүүс, бэлэвсэн эхийн хамт нууцхан амьдардаг байсан нь үнэн агаад тэртээ нэгэн жарны өмнөх үйл явдал юм.
Хундай гэж Сэлэнгийн тайгынхан авгайлан дууддаг мөнөөх Хунсар буюу эл түүхийг өгүүлэгч далд увидастан эмээ маань өөрийн амьдралын сонирхолтой түүхийг кино бүтээгчдэд хуучилсан байна. Жүжигчин продюсер Р.Адъяа, зохиогч найруулагч Д.Энхбаатар, Д.Сангибат нарын уран бүтээлчид, “Амар медиа “ продакшны анхны бүтээл болгон энэхүү үнэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн “Анирлагч“ хэмээх дэлгэцийн шинэ уран бүтээлийг амжилттай бүтээж, үзэгч та бүхэнд толилуулах гэж байна.
Залуухан халуухан танхил гоо охидоо хамгаалах гэж бэлэвсэн эх Дэнсээ хичээн чармайх бөгөөд дүү Хунзаяад нь залуус дурлан шунаж байлаа. Эгч Хунсар нь тэнгэр шүтээндээ залбирдаг далд авъяасаа гарган эхийн хамт хайрт дүүгээ хамгаалах тулаанд орно. Гэвч шорон оронгоор хэрэн хэсүүчилж архагшсан Занхаан гэгч зальт эр ойн гүн дэх нууц байшинг хайж олсоноор жинхэнэ адал явдал өрнөх ба их хотын царайлаг залуу ч мөн энэхүү дурлалын ээдрээт түүхийн гол баатрууд болно. Хэн нь хэрхэн яаж ялагч болж, хөөрхий эх золиосонд одож, байгал ээжийн гэсгээл, тэнгэрийн зарлигтай хоршин буух зэрэг жаргал зовлонгийн дэнслэлийг энэ бүтээлд дүрслэн харуулжээ.
Монголын үзэсгэлэнт тайга Сэлэнгэ нутагт жинхэнэ мастеруудын буулгасан дүрслэл дунд, “Алтан ураг “ийнханы аялгуу эгшигт хоршуулан ”Харыг хараар, цагааныг цагаанаар“ гэсэн найруулагчдын багийн тавилтууд үзэгч таныг хором бүр амьдрахуйн чимээнд “ Анирлуулах ” болно гэдэгт итгэлтэй байна.