97 дахь удаагийн АНУ-ын Академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадам ирэх гуравдугаар сарын 2-нд Хойд Америкийн зүүн эргийн цагаар 19:00 цагт болно.
Тус наадамд нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг өнгөрсөн сард зарласан. Тэгвэл тэдгээрээс өнөө жилийн наадамд өрсөлдөх онцлох 10 уран бүтээлийг онцлон танилцуулъя.
1. “The Brutalist”
- IMDB – 8
- Rotten tomatoes – 94%
“The Brutalist” нь зөвхөн нэг хүний амьдралыг бус, илүү өргөн хүрээнд нийгэм, архитектур, соёлын түүхийг өгүүлэхийг зорьсон. Энэ кино нь зөвхөн цэвэр уран сайхны бүтээл төдийгүй бодит түүхэн баримтанд тулгуурласан гэхэд болно. Хэрэв та уран сайхны утга, хүний дотоод тэмцлийг сонирхдог бол “The Brutalist” таны анхааралд нийцэх бүтээл байх болно.
2. “Anora”
- IMDB – 7.8
- Rotten tomatoes – 94%
Кино нь Анора хэмээх залуу эмэгтэйн амьдралын түүхийг өгүүлнэ. Тэрээр өөрийн жижиг тосгонд эгэл жирийн амьдралаар амьдардаг ч хувь тавилан түүнд бэлдсэн гайхалтай сорилтуудыг давах шаардлагатай болдог. Түүний амьдралд учирсан гэнэтийн явдлууд түүнд хайр, уучлал, хүлцэл, өөрийгөө хайх аялалд гарах шалтгаан болно.
3. “Flow”
- IMDB – 7.9
- Rotten tomatoes – 97%
“Flow” бол 2024 онд Латвийн найруулагч Гинтс Зилбалодисын бүтээсэн бүрэн хэмжээний анимейшн кино юм. Энэхүү кино нь үггүйгээр, зөвхөн дүрслэлээрээ өгүүлэмжээ илэрхийлдэг онцлогтой. Киноны үйл явдал нь их үерийн дараа, нэгэн хар муурын адал явдлыг даган өрнөдөг. Тэрбээр өөр өөр амьтадтай хамт завин дээр амьд үлдэхийн төлөө тэмцэнэ.
4. “A Complete Unknown”
- IMDB – 7.7
- Rotten tomatoes – 81%
Энэхүү кино нь Боб Диланы амьдралын чухал үеийг сонирхолтойгоор харуулж, түүний хөгжмийн ертөнцөд үзүүлсэн нөлөөг онцлон тэмдэглэсэн бүтээл юм. Тимоти Шаламегийн гайхалтай жүжиглэлт, Жэймс Мангольдын найруулга нь киног шимтэн үзэхүйц болгожээ.
5. “The Substance”
- IMDB – 7.3
- Rotten tomatoes – 89%
Киноны үйл явдалд нэр алдраа алдсан Холливуудын жүжигчин хар зах зээлээс эсийн нөхөн төлжилтийг дэмждэг эмийг хэрэглэснээр түр хугацаанд өөрийн залуу, сайжруулсан хувилбарыг бий болгодог. Гэвч энэ нь урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөөнүүдийг дагуулж эхэлдэг.
6. “Conclave”
- IMDB – 7.4
- Rotten tomatoes – 93%
“Conclave” бол Эдвард Бергерийн найруулсан, Роберт Харрисын 2016 оны романаас сэдэвлэсэн улс төрийн триллер кино юм. Үйл явдал нь Пап лам гэнэтхэн нас барсны дараа шинэ Папыг сонгох ажлыг зохион байгуулж буй санваартан Томас Лоуренсийн тухай өгүүлдэг. Дараагийн Папыг сонгох үеэр тэрээр гол нэр дэвшигчдийн нууц, дуулиант хэргүүдийг илрүүлж, мөрдөн байцаалт явуулан том нууц руу нэвтрэх болно.
7. “I’m Still Here”
- IMDB – 8.9
- Rotten tomatoes – 96%
Кино нь 1970-аад оны Бразил дахь цэргийн дарангуйллын үед өрнөнө. Тус кинонд Юнис Пайва гэх жирийн нэгэн гэрийн эзэгтэйн түүхийн өгүүлнэ. Нөхрөө алдан, идэвхтэн болсон Юнис Пайвагийн бодит түүхээс сэдэвлэсэн сонирхолтой киног заавал үзээрэй.
8. “Nickel Boys”
- IMDB – 7.6
- Rotten tomatoes – 90%
Үйл явдал нь шударга ёс, тэгш эрхэд итгэдэг Эльвуд Кёртис хэмээх хар арьст хүүгийн тухай өгүүлнэ. Тэрбээр шударга бусаар шийтгэгдэж, Никел академид илгээгддэг. Тэнд тэрээр Тёрнер хэмээх өөр нэгэн хүүтэй нөхөрлөж, сургуулийн харгислал, шударга бус байдлыг хамтдаа туулна.
9. “Dune: Part Two”
- IMDB – 8.5
- Rotten tomatoes – 92%
“Dune: Part two” бол найруулагч Дени Вильнёвийн 2024 онд гаргасан шинжлэх ухааны уран зөгнөлт кино юм. Энэхүү кино нь Фрэнк Хербертийн алдарт “Дюн” романы хоёрдугаар хэсгийг дэлгэцнээ амилуулсан бүтээл бөгөөд эхний ангид эхэлсэн Пол Атрейдесийн аялал үргэлжлэх болно.
10. “Anuja“
- IMDB – 8
Энэхүү богино хэмжээний кино нь есөн настай, авьяаслаг охин Анужа болон түүний эгч Палак нарын түүхийг өгүүлдэг. Анужа оёдлын үйлдвэрт ажилладаг бөгөөд сургуульд сурах боломж олдсон ч энэ нь түүний болон түүний эгчийн ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг шийдэхэд хүргэдэг.
