Урин хавартай золгов уу гэтэл хөхөө өвлийн хүйтэн хацар жиндүүлсэн хэвээр… Гэхдээ өнөөдөр хайрын өдөр. Хайрандаа мансуурч, халуухан дурлалдаа шатаж яваа хосууд гадаах хүйтнийг үл ажирна. Тэгвэл, хайрын энэ өдөр хосуудад зориулсан урлаг, соёлын хөтөлбөр байгааг танилцуулъя.
“Диваажин энд байна” тоглолт хоёрдугаар сарын 14-нд 19.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдах юм. Тус бүтээлийн гол дүрд ХБНГУ-д ажиллаж буй балетчин Д.Одсүрэн гоцлон бүжиглэх аж. Португалийн нэртэй балетмейстер Хьюго Вера монголчуудад өнөөдөр орчин үеийн шинэ модерн балетын гайхамшгийг мэдрүүлэхээр зэхжээ.
Хайраас үнэтэй зүйл гэж юу байдаг вэ?! Мэдээж хайр бол энэ хорвоогийн хамгийн нандин зүйл гэдэгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй. Уг бүтээл нь сэтгэл хөдлөлөөр хийсэн хөнгөн сонголт нийгэмд ямар муу үр дагавар гаргаж болохыг харуулжээ.
Английн инээдмийн жүжгийн хаан гэж нэрлэгдэх Рей Куни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдвэлсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг Төрийн соёрхолт цол тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа Н.Наранбаатар найруулж, соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар гол дүрийг нь бүтээсэн юм. Тус жүжиг өнөөдөр УДЭТ-ын тайзнаа тоглогдоно.
“Forever 247” тоглолт дөрөв дэх жилдээ
“A Sound” хамтлагийнхан өөрсдийн бие даасан тоглолтоо хийх нь ээ. Тэд дөрөв дэх жилдээ хайрын баяраар “SS club”-д тоглохоор зэхсэн байна. Тоглолт 19:00 цагт эхлэх бөгөөд дан хайрын дуунаас бүтсэн тус тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй аж. Тоглолтод урилгаар “UFO” хамтлагийнхан болон гитарчин Өөжгий нар оролцох ажээ.
“Анхаар дотор чимээгүй”
Гурван жилийн хугацаанд бүтсэн уран сайхны кино хайрын баярын энэ өдөр нээлтээ хийх гэж байна. Гурван сарын дотор л киногоо хийгээд дуугачихна гэсэн итгэлээр кино хийж эхэлсэн залуус өдгөө гурван жилийн нүүрийг үзжээ. Магадгүй манай кино сонирхогчид хугацаа их орсны хэрээр чанартай бүтээл болсон хэмээн нэлээд хүлээлттэй байгаа болов уу.
“Ant Entertainment”, “Crystal Optic studio”-ийн бүтээл "Анхаар дотор чимээгүй" киноны найруулагчаар Н.Отгонбаяр, продюсераар Б.Баянмөнх, Б.Баярмаа нар ажилласан бол зохиолыг Б.Чинбат, П.Ариунбаатар нар бичсэн байна. Харин гол дүрүүдэд Э.Батхүү, Ж.Оюундарь, Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэрьяа нар тоглосон аж.
“Хайрын бэлэг” тоглолт
“Хайрын бурхан”, “Тэр намайг дурсдаг болов уу” зэрэг олон хит бүтээлийн эзэн Б.Сарантуяа бие даасан тоглолтоо хийх нь ээ. Тэрээр хайрын баяраар хосууддаа зориулсан уг тоглолтоо “Хайрын бэлэг” гэж нэрэлжээ.
Түүний театрчилсан, амьд тоглолт өнөөдөр "Marquee 27" клубт 20.00 цагт болох юм. Энэ удаагийн тоглолт нь залуусын хайр дурлал, үнэнч сэтгэлийг зохиомжит уран сайхны утга найруулгаар харуулснаараа онцлогтой болох бөгөөд тоглолтын театрчилсан илэрхийллийг УДЭТ-ын залуу уран бүтээлчид болох жүжигчин Д.Ганцэцэг, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Баяржавхлан нар тайзнаа амьдруулах аж.
Мөн тоглолтод олон авьяаслаг уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд амьд хөгжмийн багт “Никитон” хамтлагийн бөмбөрчин Ж.Золбоо, басс гитарчин Б.Буян-Өлзий, даралтат хөгжимчин Ц.Байдраг, гитарчин Т.Мөнх-Оргил, цохивор хөгжимчин Б.Ганхөлөг болон бусад залуу хөгжимчид, дуучин Б.Ядамсүрэн, Э.Болор-Уянга нар багтжээ. Тоглолтын үеэр “Хамгийн амттай шоколад”-ны дуудлага худалдаа болохоос гадна олон сонирхолтой гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байгаа аж. Тасалбарын үнэ 50-80 мянган төгрөгийн үнэтэй байна.
“Салхи” хамтлагийнхан тоглолт хийнэ
Хайрын дууч “Салхи” хамтлагийнхан хайрын баярыг угтан тоглолт хийхээр болжээ. Тэд анх 1998 оноос хойш туурвисан уран бүтээлүүдээ нэгтгэн “Эрхэмсэг хөг”, “1998” гэх цомгуудаа аваад удаагүй байгаа бөгөөд тус цомгийн нээлтэд зориулж хоёрдугаар сарын 14, 15-нд “Strings” клубт 19:00 цагаас тоглолт хийхээр зар тараасан юм.
“Улаан сарнай” айсуй
Дуучин Л.Байздаа урлагт зүтгэсэн 20 жилийнхээ ойд зориулан дөрвөн цуврал тоглолт хийхээр төлөвлөжээ. “Улаан сарнай” хэмээх амьд хөгжмийн тоглолтоо гэгээн хайрын өдөр буюу өнөөдөр хийх гэнэ.
Тоглолтод “Гурван бүдүүн” хамтлаг, “Extacy” хамтлаг, “Fly” хамтлаг дуучин Т.Амина нар оролцох юм. Харин түүний хоёр дахь тоглолт орон нутагт ирэх хавар хийх бөгөөд төлвөлсөн хоёр тоглолтоо энэ оны сүүлээр хийж дуусгах юм.
Наагий+Хулан
Гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар Гэгээн валентины өдөрт зориулж, уянгын дууны үдшийг бэлэглэх гэж байна. Хайрын баярт хаягласан тоглолт өнөөдөр 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болох юм. Тоглолтод тэд өөрсдийн урын сан дахь шилмэл бүтээлүүдээс гадна цоо шинэ дуунууд зориулах юм байна. Тасалбарын үнэ 25000 төгрөг юм байна.