“In da House 3: in Korea” киноны уран бүтээлчид өнгөрсөн ням гараг /2025.04.27/-т Ялалтын талбайд талархлын өдөрлөг зохион байгууллаа.
Жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нар буюу “Xermel crew”-ийн уран бүтээлчид, “F” студи хамтран “In da House” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Уг киноны үйл явдал эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хууль бус гэмт бүлэглэлийн араас мөрдөх явцдаа өнгөлөн далдлалт хийж цуйвангийн газар ажиллуулж эхэлснээр өрнөж эхэлдэг бол 2022 онд “In da House: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж байв. Мөн уг уран бүтээлчид “In da House 3: in Korea” киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ өнгөрсөн гуравдугаар сарын 6-наас бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгосон юм.
Талархлын өдөрлөгөөр тус уран бүтээлийг кинотеатраар 200.000 үзэгч үзсэний баяраа үзэгчидтэйгээ тэмдэглэсэн нь энэ. Түүнчлэн энэ үеэр “1000 цуйвангийн баяр” хийж, уран бүтээлчид үзүүлбэрээ толилуулсан юм.
Ташрамд дурдахад, “In da House 3: in Korea” киног ирэх зургаадугаар сарын 27-ноос БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад гаргахаар болжээ.