Үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюуш “Милл” кино компанийн “Халуун бороо” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзаж байна. Эл уран бүтээлийг Монголын гал сөнөөгчдийн эр зориг, хүнлэг сэтгэлийн бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Тус уран бүтээлд Н.Цэнд-Аюуш гал сөнөөгчийн гэргийн дүрд тоглосон байна.
Төв аймгийн Батсүмбэр суманд төрж өссөн Н.Цэнд-Аюуш дунд сургуулийн сурагч байхаасаа л урлагийн авьяастай, концерт, жүжигт үргэлж л гол дүрд тоглож онцгойрдог охин байв. Сургуулиа төгсөх жил “Усан нүдэн гүнж” жүжгийн эрх охины дүрд тоглож болжээ. Ингээд тэрбээр КУДС-д шалуулж тэнцээд, жүжигчний мэргэжил эзэмшсэн аж. Улмаар “ТВ коктейль” хамтлагийг байгуулж, “Халуун чинжүү” нэвтрүүлгээрээ үзэгчдийг зурагтын өмнө уяж байлаа.
Тэрбээр 2005 онд “Дурласны маргааш” кинонд тоглож, үргэлжлүүлэн “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Худалч залуу”, “Омарын эрэлд”, “Хязгааргүй”, “Цэцэг шиг нас”, “Love story”, “Гэнэтийн зочид”, “Нууцын нууц”, “Soulmate”, “Хохирогч”, “Зуулт”, “Эргэх учрал” зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит уран сайхны киноны гол дүрд тогложээ. Түүнчлэн тайзны уран бүтээлийн тухайд оюутан ахуйдаа Улсын хүүхэд залуучуудын театрын “Бага нас минь баяртай”, мөн “Хувьсал” продакшны “Би эр хүнд хайртай”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Хоёр ертөнцийн буудал” жүжигт гол дүр бүтээн, “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн гол дүрээрээ театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг гол дүрийн шагналыг хүртэж байв.