Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлагчид Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу музейд ажиллажээ.
Уг ажлын хүрээнд Гол гурван зуу сүм болон Лавран дуган дотор байрлах нийт 30 гаруй овор хэмжээ том, жижиг шавар баримал үзмэрүүдийн гэмтлийг сэргээн засварласан байна.
Үүнд, Гол зуу сүмд Голын бурхан багш, Авид бурхан, Манал бурхан, Наран бодисадва, Саран бодисадва, Гомбо гүр сариус, Балданлхам сахиус, Сэмбэжад 1, Сэмбэжад 2, Сэмбэжад 3, Сэмбэжад 4, Сэмбэжад 5, Сэмбэжад, Сэмбэжад 7, Зүүн зуу сүмд Жанрайсиг, Бурхан багш, Арийн жавилны бөөрөнхий чимэг, Баруун зуу сүмд ханын зураг, Лавран дуганд Пунцаг гүсүм, Гүнгадолчог, Одсэрбал, Жамьянцорж, Бүрэгдэжанцан зэрэг үзмэрүүдийн сэнтий, бад суурь, гарын хуруу болон бусад олон барьц чимэглэлүүд хагарсан, хугарсан, унасан гэх мэт их хэмжээний гэмтлүүд үүссэн байсныг сэргээн засварлажээ.
Сэргээн засварлах ажлыг олон улсад баримтладаг зарчим, стандарт болон дотоодод даган мөрдөж буй хууль, дүрэм, журмын дагуу туршлагштай мэргэжлийн баг, хамт олон томилогдон гүйцэтгэсэн байна.