Дон Жуан… Эрхэмсэг энэ нэрийг сонсохоор бүсгүйчүүдийн хайрыг татах шидтэй царайлаг, нуруулаг, булчинлаг нэгэн санаанд буудаг билээ. Энэ төсөөллийг минь эвдэн ДБЭТ-т 10 жилийн дараа сэргээн тавьж буй “Дон Жуан” дуурийн гол дүрд гоцлол дуучин Э.Анхбаяр тогложээ. Анхны сэтгэгдлээр энэ нь нэг л тохиромжгүй сонголт мэт харагдавч, хором өнгөрөх тутам миний бодол буруу байсныг баталсан юм. Дон Жуан гэгч нь гадаад төрхөөрөө бус овжин зан, уран үг, бүсгүйчүүдийг хайлуулах төрөлхийн чанараараа эмс хүүхнийг татдаг зальтай нэгэн аж. Хөгшин, залуу, тарган туранхай, толь мэт хүйтэн, торго мэт зөөлөн бүх л төрлийн ааш зан, төрх байдалтай бүсгүйн сэтгэлийг нээх түлхүүрийг тэр атгадаг аж.
Уншигчдад ойлгомжтой болгох зорилгоор үйл явдлаас товч дурдъя. Севиль хотын намуун шөнө нүүрэндээ багтай нэгэн эр хотын даргын охин Донна Аннаг эргүүлэхээр унтлагын өрөөнд нь нэвтрэв. Тэрбээр уран үгээр бүсгүйг уяраах гэхэд нэгэнт хайртай хүнтэй тул түүний үгэнд нь авталгүй тэмцэлдэнэ. Энэ үед хотын дарга ирж охиныг нь доромжлох гэсний төлөө түүнтэй тулалдаж өөд болно. Багтай, зальжин эр хэн байсныг мэдэлгүй хоцорсон бүсгүй дурлалт залуу Дон Оттавиагаас эцгийнх нь өшөөг авч өгөхийг гуйв. Хүн алсандаа гэмших ч үгүй дараагийн анд гарсан тэрбээр урьдны дурлалт бүсгүй Эльвирагаа танилгүй дахин өджээ. Дон Жуанаас хүүхэдтэй болж, хаягдсандаа хорссон хөөрхий бүсгүй уурсах авч, түүнд хайртай хэвээрээ. Дон Жуан нэгэн тариачин хосын хуриманд санаандгүй очно. Тэрбээр сүйт хархүүг нь гэртээ урьж зарцаараа дайлуулж, энэ хооронд бүсгүйг нь эзэмдэхийг санаархана. Дон Жуаны зарц Лепореллод энэ хүүхэмсэг эрийн дурлалцсан хүүхнүүдийн нэрсийн жагсаалт буй. Италид 340, Германд 230 гээд л хөгшин залуу, баян ядуу таван давхаргын хүүхний нэр тэр дэвтэрт бичээстэй. Энэ мэтээр эмэгтэй хүнээр агаар ус мэт дутдаг, хүүхэлдэй мэт тоглодог тэрбээр эцэст нь муу санаа биеэ отохын үлгэрээр хотын даргын сүнсэнд хорлогддог. Шалиг завхай муу нэртэй ч үнэн сэтгэлийн хайраа олоогүйдээ л ингэж амьдардаг Дон Жуаныг буруутгах аргагүй мэт.
Завхай явдалт эрийн тухай домог олон, “Дон Жуан”-ыг албан ёсны зохиогчгүй, хэд хэдэн ийм төрлийн бүтээл байдаг гэдэг. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн эртний “Дон Жуан”- ын хувилбарыг барокко жүжгийн зохиолч, католик сүмийн лам Тирсо де Молина 1630 онд Испанид жүжиг хэлбэрээр тавьсан гэдэг. Тэгвэл “Фигарогийн хурим” дууриа Прагад нээх үедээ Моцарт “Дон Жуан”-ы захиалгыг авсан юм билээ. Монголд 2004 оны аравдугаар сарын 23- нд анх тоглосон “Дон Жуан”-ыг Австрийн уран бүтээлчидтэй хамтран найруулжээ.
Австрийн талаас найруулагч М.Майрхофер, жүжиглэх ур чадварын багш Д.Вебер, дөрвөн дуучны хамт оролцсон бол манайхаас Г.Эрдэнэбаатар найруулагчаар ажиллаж, ардын жүжигчин Б.Жавзандулам, дуучин Ш.Наранчимэг, МУГЖ М.Болд, Ч.Түмэндэмбэрэл нарын уран бүтээлчид тоглон, УГЗ Н.Туулайхүү удирдсан билээ. Гол дүрийн уран бүтээлчдийн халаа сэлгээ, тайзны эд хэрэглэл хуучирсан зэрэг тодорхой шалтгааны улмаас тоглолгүй завсарлаад байсан дуурийг энэ удаа Австрийн найруулагч Ребекка Бланкеншип тун амжилттай найруулан тавьлаа. “Шахуу хугацаанд бэлдсэн ч Монголын залуу уран бүтээлчид тун чадварлаг юм” гэсэн тэрбээр жүжиглэлтийг түлхүү анхаарсан нь илт.
Гол дүрд Э.Анхбаяр, Донна Аннад Б.Энхнаран, хотын даргад Б.Алтанхуяг, Дон Оттавиод Г.Шижирболд, Донна Эльвирад Б.Эрдэнэтуяа, Лепореллод Ж.Бямбажав, Мазеттод Э.Бумхүү, Церлинад Н.Туяа нар тогложээ. Тэд дуулах ур чадвараас гадна нүүрний хувирал, биеийн хөдөлгөөндөө ач холбогдол өгсөн нь дуурийг илүү амьд болгожээ. Хөгжим оргилуун, үйл явдал сонирхолтой, хошин хэрнээ эмгэнэлт дуурийн дуулалт бүрийн араас үзэгчид браво гэдэг үгийг нижигнэсэн алга ташилтын хамт харамгүй шидэж байсан нь үзэгчдэд хэр их таалагдсаныг илтгэнэ. Энэ алга ташилт хүндэтгэлийн хөндийхөн ёс мэт ташилт бус, жинхэнэ булгилж долгилсон зүрхнээс оволзож байсан сэтгэлийн илэрхийлэл байсан юм. Театр, яруу найраг, бүжиг, хөгжмийн бүхий л төрлийг нэг дороос амтлуулдгаараа дуурийн урлаг агуу. Монголын “Дон Жуан”-д бүжгийн урлагийг орхигдуулсан нь нэг дутагдал байлаа. Тариачин Мазетто, Церлина нарын хуримын үеийн бүжиг, Дон Жуаны өргөөнд болж буй найрын үеэрх бүжгийг дэглэсэн бол илүү яруу тансаг болох байсан гэлтэй. Мөн хүүхэмсэг Дон Жуаны дүрийг үйл хөдлөл, дуулалтаар гаргасан ч эд зүйлээр илэрхийлэхдээ дутмаг байсан юм. Магадгүй өнгөнд дурладаг түүний дотоод сэтгэлийг үйл явдлаас гадна эдэлж хэрэглэж байгаа зүйл, гадаад үзэмжиндээ анхаардаг хандлага зэргээр тодотгож болох байсан мэт.
Шаргал үстэй хүүхнүүдийн
Чамбай дарууд нь дурладаг
Хар үстэй авгай нарын
Халуун янаг тачааллыг үнэлдэг
Өвлийн цагт бүдүүнд дуртай
Зуны цагт нарийнд санаатай
Эрхэмсэг авгайд үнэн дуртай ч
Идэр залууг ч үлдээж үзээгүй…
гэх зэргээр тайзны хоёр талын дэлгэцэнд монгол орчуулгыг байрлуулснаар үзэгчдэд илүү ойлгомжтой болжээ. Гэвч үзэгчид эмзэг торгон агшинд уран бүтээлчдийн зүг харцаа чиглүүлэхээсээ илүүтэй дэлгэц ширтэж байсан нь дуурийн дотор орж, дүрүүдтэй сэтгэл зүрхээрээ холбогдох боломжийг бууруулсан гэлтэй.
Хүн төрөлхтөн байгаа цагт оршиж л байх эр, эмийн бие биедээ соронз мэт татагдах хүч, үзэн ядалтыг урнаар, зарим тохиолдолд хэрцгийгээр илэрхийлж, хүний түмэн янзын мэдрэмжийг өөртөө агуулж чадсан эл дуурь дахин завсарлалгүй, олон жил ДБЭТ-ын тайзнаа тоглох мөнхийн бүтээл болсон нь дамжиггүй.
Б.Дөлгөөн /Өнөөдөр/