“Талын морьтон дайчдын өв соёл” үзэсгэлэнг Үндэсний музейд байрлуулж, олон нийтэд толилуулахаар болоод байгаа.
Энэ талаар Монголын Үндэсний музейн захирал И.Будбаяртай цөөн хором ярилцлаа.
-Удахгүй ХБНГУ-д сэргээн засварласан үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн тавихаар болсон байна. Үзмэрүүдийг байрлуулахад ямар нэг сонгон шалгаруулалт явагдсан уу. Үндэсний музей бусад музейнээс юугаараа давуу вэ?
-Яг албан ёсоор тендер зарлаагүй ч гэсэн тодорхой хэмжээний тавигдах шаардлага байсан гэж бодож байна. Монголын Үндэсний музейн хувьд хадгалалт, хамгаалалтын горим шаардлагын төвшинд байгаа. Яах вэ, илүү сайн сайжруулах зүйлүүд байгаа. Мөн Сан хөмрөг дээр хадгалагдаж байгаа үзмэрүүдэд горимын дагуу хадгалагдахгүй байгаа тохиолдол байдаг. Харин Үндэсний музейн хувьд бол яг шаардлагад нийцэж байгаа.
-Музейн үзмэрүүдийг хадгалахад юуг илүү сайн анхаарах хэрэгтэй байдаг юм бэ?
-Энэ тал дээрх хамгийн гол асуудал бол үзмэрүүдийг байрлуулах байр сав байдаг юм. Музейн дулаан хүйтнийг тохируулж, хадгалах нь маш чухал. Тиймээс энэ бүгд байрнаас шалтгаалдаг.
-Манай улс өөрсдийн олсон үзмэрүүдээ гадаадын улс орнуудад сэргээн засварладаг. Үүнийг дотооддоо сэргээн засварлах боломж байгаа юу?
-Манайд “Монголын соёлын өвийн төв” гэж байдаг. Үүнд манай сэргээн засварлагч нар ажилладаг. Гэвч бидний чадвар дэлхийн хэмжээнд хүрэхгүй байгаа учраас гадаадад сэргээн засварлах үйл ажиллагааг хийлгэдэг. Гэхдээ ССАЖЯ байгуулагдсанаар Монголын соёлын өвийн төвийн ирц бүрэлдэхүүнийг тэлж, Үндэсний соёлын өвийн төв сэргээн засварлалтын газар байгуулахаар болсон. Энэ нь юуг хэлж байна гэхээр, бид ойрын хугацаанд олсон олдворуудаа бүрэн сэргээн засварлах боломжтой болох юм.
-Үзмэрүүдийг хоёр сар Үндэсний музейд байрлуулах юм байна. Үзэсгэлэн дууссаны дараа хаана байрлуулах вэ?
-Энэ асуудал одоогоор яамны төвшинд яригдаж байгаа. Эхний ээлжинд олон нийтэд үзүүлнэ. Дараа нь судалгаа хийх шаардлагатай үзмэрүүдийг Археологийн хүрээлэн рүү, мэдээж тодорхой тооны үзмэрүүдийг Үндэсний музейд хадгалж, олон нийтийн үзмэрүүд болгох зэрэг асуудлуудыг холбогдох хүмүүс ярьж, хэлэлцэж байгаа.
Л.Чанцалсүрэн