“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзоригтой хамтран “Ai production”-ыг үүсгэн байгуулжээ. Тус продакшны анхны уран бүтээл “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино маргааш /2025.10.03/-аас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болох гэж байна.
“Тэг цэг үйлдэл” киноны найруулагч Э.Алдар нь 2007 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж, уран бүтээлийн гараагаа хошин урлагийн “Өнгөт инээд”, “Х-ТҮЦ”, “Захиалгат инээд” зэрэг хамтлагийн тоглолтод оролцон эхэлж байв. Улмаар 2007-2016 онд “Маск” продакшнд жүжигчнээр, 2008 оноос “Фантастик” продакшнд жүжигчин, найруулагч, зохиолчоор ажиллаж буй.
Э.Алдар 2017 онд “One night” инээдмийн уран сайхны киноны зохиолыг нь бичиж, найруулж байсан бол энэ удаа өвөрмөц өнгө төрх, содон сэдэвтэй уран бүтээл хүргэж буй нь “Тэг цэг үйлдэл” юм.
“Тэг цэг үйлдэл” кинонд С.Ариунбямба, У.Уянга, М.Төгөлдөр нар гол дүрийг бүтээсэн байна. Бүх зүйл тэг цэгээс эхэлдэг бөгөөд амьдрал үргэлжилсэн ч бүх зүйлийн уулзах эхлэл нь “Тэг цэг” байдаг аж.
Э.Алдарын “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино маргааш /2025.10.03/-наас үзэгчдийн хүртээл болно.
Posted by Urlag.mn on Wednesday, October 1, 2025