Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Одиссей” пластик, хүүхэлдэйн жүжгийг өнгөрсөн баасан гараг /2025.10.17/-аас үзэгчдийн хүртээл болгож байна.
Эртний Грекийн домгийн баатар Одиссейн адал явдлыг харуулсан энэхүү пластик хүүхэлдэйн жүжиг нь хөдөлгөөн, дүрслэл, хөгжим, гэрлийн уран зохицлоор өгүүлэмжээ бүрдүүлдэг. Троя хотын дайнаас нутагтаа хүрэхээр арван жил тэнүүчилсэн Одиссейн замд учрах сорил, мангас, бурхан тэнгэрүүдийн ертөнц үзэгчдийг үлгэрийн гайхамшигт орон зайд хөтөлнө. Үггүй жүжгийн хэлбэр нь хүүхэлдэйн урлагийн шинэ боломжийг нээж, сонгодог туульсыг орчин үеийн өнгө төрхөөр дахин амилуулж байна. Эртний домгийн гүн утга, орчин цагийн тайзны урлагийн нийлэмж нь үзэгчдийн төсөөллийг шинэ түвшинд хүргэнэ.