Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ
Утга зохиол

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

Урлаг Урлаг28/11/2025Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австрийн сод зохиолч Стефан Цвейг 1881 оны арваннэгдүгээр сарын 28-нд Вена хотноо ноосон эдлэлийн үйлдвэрийн эзний гэр бүлд төржээ. Түүний эцэг эх нэлээд чинээлэг амьдралтай еврейчүүд байсан учир Стефан ядуугийн зовлон гэдгийг мэдрээгүй өссөн аж.

Зохиолч өөрийнхөө намтрыг бичиж үлдээгээгүй тул түүний хүүхэд нас болоод амьдралын тухай илүү тодорхой мэдээлэл байдаггүй билээ. Тэрбээр гимназид суралцсаныхаа дараа Венийн их сургуульд элсэн орж, оюутан ахуй цагаасаа яруу найраг оролдон ‘Мөнгөн чавхдас’ нэртэй яруу найргийн анхны түүвэр номоо 1901 онд хэвлүүлжээ. Их сургуулиа докторын зэрэгтэй дүүргэсний дараа Европоос авхуулаад Энэтхэг, Америк, Куба, Панам зэрэг орноор аялав.

Дэлхийн нэгдүгээр дайны сүүлийн жилүүдэд тэрээр дайны эсрэг нэгдсэн хэсэг зохиолчтой дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэж эхэлжээ. Гэвч Гитлерийн арми Австрийг эзлэх нь тодорхой болсон үед Стефан 1934 онд нацистуудын шахалтаар Лондон руу цагаачлан, 1940 оныг хүртэл тэндээ амьдарчээ.

Дараа нь 1940 онд АНУ руу нүүсэн ч жилийн дараа Бразилийн Петрополис хотод суурьшиж, нас бартлаа тэндээ амьдарсан юм. Нацистууд ялалт байгуулна гэдэгт эргэлзэхээ больсон Цвейг сэтгэлээр унан, 1942 оны хоёрдугаар сард Петрополис хотноо эхнэрийнхээ хамт их хэмжээний нойрсуулах эм ууж хорвоог орхижээ. Мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө нөхдөдөө хандан ‘Үүр цайхыг заавал хүлээдэг юм шүү’ гэсэн захиас орхисон байсан гэдэг.

Түүний зохиолууд тансаг яруу үг хэллэгтэй, сэтгэл хөдөлгөм үйл явдлууд нь цагийн цагт ч хуучирдаггүй онцлогтой. Тэрээр зохиолууддаа эмэгтэй хүнийг эрхэмлэн дээдэлж, сэтгэлийг нь нарийн мэдэрч бичсэн байдаг билээ. Ялангуяа түүний ‘Танихгүй эмэгтэйн захидал’ хэмээх зохиол тун сэтгэл хөдөлгөм бөгөөд уншигчид ч гараасаа тавилгүй уншсаар дуусгадаг гайхалтай бүтээл билээ. Оросын агуу зохиолч М.Горький хүртэл ‘Эмэгтэй хүнийг Цвейгээс илүү нарийн мэдэрдэг зохиолчийг би мэдэхгүй юм’ хэмээн бичиж байжээ.

Ингээд уншигчдадаа түүний бүтээлүүдээс хамгийн их алдаршсан таван номын талаар танилцуулж байна.

CHESS NOVELLA

“Шатрын тууж” бол Цвейгийн туурвилууд дундаас Баруунд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийн нэг. Тэрээр уг туужаа Бразиль улсад цагаачлан амьдарч байхдаа бичсэн бөгөөд 1942 онд амиа хорлон нас нөгчихөөсөө ердөө хэдхэн хоногийн өмнө Америкийн хэвлэлийн газартаа илгээж байжээ.

Зохиолын үйл явдал дэлхийн хоёрдугаар дайны эхний жилд Нью Йоркоос Буэнос Айрес руу явж буй зорчигч тээврийн хөлөг онгоцны тавцан дээр өрнөнө. Зорчигчид тавцан дээр цугларах зуур уг туужийн би хүүрнэгч шатрын дэлхийн аварга алдарт Мирко Чентовичтой нэг онгоцоор аялах болсноо олны яриа хөөрөөнөөс олж мэдсэнээр үйл явдал цааш үргэлжилнэ.

Энэ бол Цвейгийн нацизмын тухай бичсэн цорын ганц бүтээл. Үйл явдал үргэлжлэх тусмаа уншигчийн сэтгэл хөдлөлийг тэвчихийн аргагүйгээр хөдөлгөж, улмаар зохиолын төсгөл хүртэл ямар нэгэн баригдашгүй хүч дотуур нь тэнүүчлэхийг анзаарна.

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОДДЫН ЦАГ

Уг ном бол Цвейгийн эсээ маягийн түүхэн бүтээлүүдээс хамгийн алдартай нь билээ. “Аль нэг суут хүмүүнийг төрүүлэхийн наана, сая сая хүн төрөх хэрэг гарна. Тэрчлэн хүмүүн төрөлхтний оддын цаг тохиохынхоо өмнө хэдэн сая дэлхийн цагийг урсган улираах болдог болой” хэмээн Цвейг тус бүтээлдээ дурджээ.

Аугаа их түүх гэдэг хөшөө суварга бус ганц хүний нүд рүү өнгийсөн, санаанд багтамгүй зориг гаргасан хором. Цвейг номдоо Наполеон, Гёте, Баллон, Магеллан, Достоевский, Бовуар зэрэг хүмүүсийн түүхээс хүн төрөлхтнийг эргүүлсэн тэрхүү “од билэг гялалзсан агшныг” дурсахдаа шинжлэх ухаан, түүх, хүний сэтгэл зүйг нэгэн хөндлөнд зангидаж орхино. Түүний бичлэгээс уншигч “түүхийн хуудас” бус харин өөрийн дотор нуугдаж буй боломжуудтай нүүр тулна.

АМОК

Амок бол халуун орны тун аймшигтай өвчин. Галзуу өвчин туссан нохой хавьтсан ойртсоноо хазаж, урдаг бол амокт дайруулсан хүн амнаас нь хөөс сахарч, араатан лугаа орилж хашхиран, гартаа балиус барьж хавьтсан ойртсон болгоноо хутгалан гүйнэ. Цус харвал тэгээд л сүйрэл дагуулна гэсэн үг.

Уг зохиолд нөхрөөсөө далдуур хүүхэдтэй болсон агаад түүнийгээ авахуулаар шийдсэн чинээлэг эмэгтэйн саналаас татгалзсан эмчийн тухай өгүүлнэ. Эмч үр хөндөхөөс татгалзахад мөнөөх чинээлэг эмэгтэй ядуу муу оромжид очоод үр хөндүүлчихжээ. Шийдвэрийнхээ үр дүнд амиа алдсан байна. Харин нас барахдаа өөртэй нь холбоотой эл явдлын талаар хэнд ч хэлж болохгүйг эмчид захидаг. Эл бүтээл тун сонирхол татам, огцом хурц үйл явдалтайгаас гадна зохиолчийг хүний сэтгэл зүйн их мастер гэж цоллуулахад хүргэсэн бүтээл юм.

DIE UNSICHTBARE SAMMLUNG

Үнэн гэх зүйл хор ч болно, эм ч болно. Эл бүтээлд хүний итгэл үнэмшил, дотоод дахь ариун шинж чанарыг зөөлөн агаад тун чиг гашуун уй гунигаар егөөдөн харуулдаг. Хараагүй болсон нэгэн хөгшний түүхээр дамжуулан зохиолч XX зууны эдийн засгийн хямрал, хүний ёс суртахууны уналтыг нэгэн гэр бүлийн орон зайд нэвтрүүлжээ.

Түүнийхээ зохиолын төсгөлд хүн зөвхөн нүдээр бус зүрхээрээ хардаг гэх ухагдахууныг гүн ухааны шинжтэйгээр тайлбарладаг. Цвейгийн бичсэн хамгийн намуун атлаа уншигчийн зүрхийг туйлын ихээр өвтгөдөг номуудын нэг бол энэ.

ТАНИХГҮЙ ЭМЭГТЭЙН ЗАХИДАЛ

Эмэгтэй хүн ямар үед бусдад хүчтэй татагддаг, тэдний сэтгэлийг юу эмзэглүүлж, яагаад амархан баярлаж, гомддог вэ? гэсэн асуултад түүн шиг хариулж чадсан зохиолч XX зуунд гараагүй аж.

Тэрээр уг зохиолоороо бүсгүй хүний сэтгэхүй, дотоод ертөнцийг нээж чадсан зохиолч хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Үүнийг мөн зохиолчийг сэтгэл судлаач байсан нь холбон тайлбарладаг.

Зохиолын үйл явдал 41 настай, алдартай зохиолч эр төрсөн өдрөөрөө шуудан хүлээж авснаар эхэлнэ. Ямар ч хүн гараар бичсэн зузаан захидлыг уншихаас тээршааж мэдэх ч “Намайг хэзээ ч таньж мэдэхгүй чамд” хэмээн эхэлсэн нэр, хаягаа ч бичээгүй танихгүй эмэгтэйн захидлыг уншихад хүргэсэн хүчин зүйл нь хурц цочирдом эхлэл байв.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Р.Эмүжин: “Болор цом”-оос болж босгоо өшиглөөд гарна гэхээр яасан чиг ядуу орчлон бээээ…

28/11/2025
Утга зохиол Урлаг

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Н.Минжинсайхан тодорлоо

26/11/2025
Утга зохиол Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртлээ

26/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хиймэл оюунд суурилсан хүүхдийн тоглоом “Кумма”

28/11/2025

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025

Р.Эмүжин: “Болор цом”-оос болж босгоо өшиглөөд гарна гэхээр яасан чиг ядуу орчлон бээээ…

28/11/2025

Өнөөдөр түүхийн багш, археологич А.Маратхааны төрсөн өдөр

28/11/2025

“Eternity” уран сайхны кино арванхоёрдугаар сарын 18-нд нээнэ

28/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.