Ижийгээ үүрч яваа энгийн эрийн зурагтай энэ зурагт хуудас ямар энгийн хэрнээ нууцлаг үзэгдэв ээ? Цаана нь нуурын толионоо жаргаж буй нар туяа гялбаж байх.
***
Үзсэн даруйдаа киноны үйл явдлыг дэлгэх нь зохисгүйн учир өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ л хуваалцъя гэж бодлоо.
“Хадам ээж” эх зохиолтой кино аж. Яруу найрагч Х.Тэргэлийн ижил нэрт өгүүллэгээс сэдэвлэж зохиолыг нь Л.Таванбаяр бичиж, найруулж, Б.Баярсайхан продюсерложээ.
Киног үзэхээсээ урьтаад эх өгүүллэгийг уншья гэж санав. Роман байсан бол киногоо үзэх байсан биз. Өгүүллэгийг уншлаа, дараа нь киног үзлээ. Юмыг хумих хэцүү, мөн дэлгэх ч амар биш. Ганцхан өгүүлбэрийг задалж 100 ангитай кино хийж болдог, бас мянган хуудас том романы голыг ганцхан сценийн дүрслэлээр үзүүлэх нь бүтэхгүй зүйл ч биш.
Найруулагч Л.Таванбаярын өөрийнх нь дуртай жанр триллер. Гэвч уран бүтээлчдэд өөрийнх нь хэллэг хийцээс нь тэрс, сондгой кино байх нь бий. Жишээлбэл, “Амьдрал төсөл” бол миний өнцгийн илэрхийлэмж бүхий кино биш, зүгээр миний сондгой кино. “Хадам ээж” Л.Таванбаярын сондгой кино гэж би бодож байна. Эсвэл эндүүрч байж ч мэднэ.
Цахим хуудсандаа бичсэн пост нь миний амьдралдаа хэлсэн үгнээс бараг олон тоотой байх. Олон нийтийн сүлжээнд зоргоороо байдгаас болж мань Л.Таванбаяр чичлүүлж л байдаг, алга ташуулж л байдаг. Аль алиныг нь огт тоодоггүй нөхөр.
“Атаа хорсол намайг ирлэнэ
Аядуу магтаал намайг мохооно
Алийг нь ч тоохгүй толгой өндөр явсны учир
Амьдын хорвоо намайг дуртай дургүй ч дурсана” /Б.Лхагвасүрэн/
Тэнгэр болсон буурал найрагч нэгэнтээ ийн бичсэн нь бий.
Үндсэн киноноосоо хаа хамаагүй тэнэг чамирхал өнөөдөр Монгол кинонд ноёрхож байна гэвэл огтхон ч хэтрүүлэг болохгүй ээ. Ажлын цагаар албан өрөөндөө коньяк ууж суудаг босс, эргэн тойронд нь Путины хамгаалагчаас олон тоотой гараа урдаа зөрүүлэн зогсох бахим эрс, ор баар хоёроос өөр оршихуйгүй тачаангүй хүүхнүүд, сэтээ сэвгүй хөндий хонгио үгээр өнгө дээгүүр чарлалдах залуус, инээлгэх гээд бусдыг доромжлон уур баран марзагнах архичид… Танил дүрүүд байгаа биз?
Харин:
“Хадам ээж”-ийн голлох уран бүтээлчид энийг анзаарсан учраас бүр нөгөө талаас нь амьдралыг ухжээ. Энгийн амьдралд хэт ойрхон хажуу хаалганд өрнөдөг, хамар хашаанд болдог, хөрш саахалтад болж буй амьдралын тухай өгүүлжээ.
Аньсага чийгтэх сайхан мэдрэмж. Хамгийн сүүлд “Шар гэгээ” киног үзээд ийм мэдрэмжийг авч байсан санагдав. Б.Санчирын хөгжим эгшиг аанай л нуугиж, Ч.Болд хөдөөд ховордоогүй, хотод ч холдоогүй олон сайхан эрчүүдийг төлөөлж сэтгэл дүүртэл сайхан үзүүллээ. Итгэл гэдгийг даана гэж энэ юм.
Хайр ухаарал өгдөг. Харамсал ч ухаарал өгдөг. Алдаанаасаа, онооноосоо хүн ухаан суудаг.
Бууж мордохдоо буурал аав минь
Инээж явдгийн учрыг олъё доо.
Дуулж суухдаа буянтай эжий минь
Уйлж байдгийн ухааныг танья даа.
Ухаарч амьдрах хорвоо гэж
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ.
/Д.Дагвадорж/
Постерын зургийн цаана байгаа нуурын мандалд нарны үй түмэн цацраг алтан хараацай даль шиг үзэгдэх юм. Энэ нь магад мандаж буй нарных байхаа. Би итгэж байна.
***
“Шувуун сүүдэр” гээд Л.Таванбаярын роман бий. Роман эхлэхдээ
-Эмээ, энэ шувууд хаачив?
-Эргэж ирнэ ээ, хүлээ…
-Ээж тэгвэл хаачив?
Эмээ нь хариу юу ч хэлэлгүй хүүг орхин давааны оройгоос түрүүлэн уруудсан сан.
Найруулагч П.Дэлгэрбаяр

