Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Улаанбаатарт унасан солир
Уртын дуу

Улаанбаатарт унасан солир

Урлаг Урлаг08/05/2014Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
P5050032_copy4313564712014-05-08-11-05[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэнгэрээс унасан чулуунууд дэлхий, хүн төрөлхтний гарал үүсэл, од гаригсын тухай “ярьж” өгдөг учраас эрдэмтэд солир гэдэг зүйлд хохойсон судалдаг. Харин хөгжим, зураг, найраг бол сэтгэл, оюунаас ургадаг болохоор хүн бүрийг хохойсуулан татдаг биз. Тэгвэл хийлийн чавхдас, төгөлдөр хуур, яруу сайхан үгс, бийр, будгийн хурим болсон уран зургийг нэгэн тэнхлэгт огтолцуулсан “солир” өчигдөр Улаанбаатар хотод “унаж”, олны сонирхлыг татлаа. Энэ бол “Аялгуут солир” үзэсгэлэн. Тэнгэрээс биш, сэтгэлээс шидэгдсэн тэр “солир” тунчиг олон өнгөтэй, олон тусгалтай, тэгээд бас этгээд янзын аялгуутай билээ.

Тус үзэсгэлэнгийн зөвлөхөөр ажилласан Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцаноров “Монголын үзэсглэнгийн түүхэнд хуудас нэмж, цоо шинэ үзэгдэл болсон арга хэмжээ болж байна. Урлаг бол хүний сэтгэлийн гүн дэхийг хөнддөг. Түүнээс хүн эрч хүч авдаг. Шопенийг 19-р зууны Моцарт  гэдэг. Хүний тухай түүхийг асуухад “Хэд насалсан бэ” гэдэг. Харин түүх бол хүнээс “Юу бүтээж, юу үлдээсэн бэ” гэж асуудаг. Тиймээс Тоцарт, Шопен, Пушкинийг хэд наслав гэдэггүй, тэр ямар бүтээлтэй вэ гэж асуудаг. Тэгэхээр Шопен 39 наслахдаа 600 гаруй бүтээлээ хүн төрлөхтөнд үлдээсэн тийм л хүн” хэмээн онцолсон. Польшийн алдарт хөгжмийн зохиолч Ф.Шопен болон Монголын гурван уран бүтээлчийн эгшиг, зураас, үг гурваар илэрхийлэгдсэн бүтээлийг сонордож, тольдох үзэсгэлэнг бэсрэг тоглолтын хэмжээнд зохион байгуулсан нь шийдэл, өгөгдөл, сэтгэлгээний хувьд онцгой болж чаджээ.

“Аялгуут солир”-ын нэг эзэн, Соёлын Тэргүүний Ажилтан, “Урбаник” компанийн захирал Б.Лхагважавын сэтгэгдлийг хүргэе.

-Зураач О.Дарамбазар та хоёрын “Хувьсал” бүтээлийг онцлон яримаар байна. Хувьсал гэдэг зүйлийг хөгжмөөр илэрхийлсэн Шопений дүрслэлийг хоёр монгол хүн уран зургаар гаргажээ. Та хоёрын илэрхийллийн ялгаа нь юу бол?

-Зурж байгаа хүн бүрийн сэтгэлгээ өөр учраас санаа бусдынхтай яг давхацна гэж байхгүй. Би Шопений “Этюд 12”-т дуртай. 1834 онд дарагдсан Варшавын бослогод Ф.Шопен оролцохыг хүссэн ч найз нөхөд нь хориглож “Эх орныхоо тусгаар тогтнолын хамгаалах таны зэмсэг бол хөгжим” гээд Францаас явуулаагүй гэдэг. Тэрбээр хэд хэдэн бүтээлдээ Польш улс тусгаар тогтнолоо хэзээ нэгэн цагт дахин сэргээж, бадраана гэсэн санаа тусгасан. Түүний “Этюд 12” өөрийн гэсэн нүргээнтэй. Тэр нүргээнийг би саарал өнгөөр гаргаж, наагуур нь тод өнгөнүүдтэй хольсон байгаа. Харин Дарамбазарын хувьд          нүргээнээ тод өнгөөр, зураасаар илэрхийлсэн. Ялгааны хувьд тийм л байх.

-Шопен эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сэтгэлээ чилээж, энэ бүтээлээ туурвисан бол Та юу бодож зурав.

-Шопен бол польш түмнийг зоригжуулан, бадраасан хүн. 1918 онд тусгаар тогтнолоо сэргээхэд ч, фашизмыг устгаад Польш улс чөлөөлөгдөхөд ч Шопений “Полонез” эгшиглэж л байсан. Тэр ард түмний тусгаар тогтнолын сэргэн мандалтын түүх бүртэй энэ хүний нэр холбогддог. Бид өнөө үед эдийн засгаараа хөл дээрээ бат зогсох хэрэгтэй. Ингэхийн тулд бид оюун ухаанаараа дэлхийтэй зэрэгцэн алхах ёстой. Эс бөгөөд бид ялагдана. Тиймээс монгол хүн бүр байнга босоо хийморьтой байж, үргэлж сэтгэлдээ нүргэлж, тэмүүлж, бүхний урд явж байгаасай гэж хүссэн санаагаа зурагтаа тусгасан.

-Хулан таны ямар бүтээлд шүлэг бичсэн бол?

-Хулан маань хоёр зураачийн найман бүтээлийг шүлгээр илэрхийлсэн байгаа. Жишээ нь, би ханьдаа зориулж Шопений “Ногтюрн 37”-г зургаар илэрхийлж, Хулан “Чанга бат хөлөөрөө модод дэлхийг тулдаг шиг чамайг гэсэн хайр минь амьд явахын шалтгаан” гэж бичсэн. Ц.Хулан бол тэсэрч чаддаг найрагч.

Хоёр зууныг дамжин эгшиглэсээр буй агуу бүтээлүүдэд “хувцас урласан”, Соёлын тэргүүний ажилтан, МУЭ-н нэрэмжит шагналт зураач О.Дарамбазар энэхүү үзэсгэлэнд зориулан 27 зургаа дэлгэжээ.

-Шопений илэрхийлсэн хувьсалыг хоёр хүн бийр, будгаар “амилуулж”, харах мэдрэхүйгээр нь дамжуулан хүмүүст хүргэж байна. Тэгэхээр таны хувьсалыг та яаж дүрслэн зурав?

-Миний хувьд хувьсгалыг цагаан, цагаан шаргал, улаан өнгөөр илэрхийлсэн. Энэ бол миний л төсөөлөл. Лхагважав, бид хоёрын илэрхийлэл ямар байх нь гол биш, зураг уншиж байгаа хүмүүсийн тайлал, сэтгэлгээнээс хамаарах зүйл. Зураг бол сэтгэхүйн урлаг. Тиймээс бидний “Хувьсгал” ямар вэ гэдгийг тайлбарлах хэцүү. Амттай, эсэхийг та л мэдрэх учиртай.

-Эх орон, түмэн олныхоо төлөө гэсэн Шопений сэтгэлийн тэсрэлтийг та зураг болгож байхдаа юу мэдэрсэн бол. Тэр хүнийг хайрлаж, өрөвдөв үү, эсвэл бахдаж, баярлав уу, түүнтэй адил тэсэрч дэлбэрэв үү. Аль өнцгөөс тэр хүнийг харахыг хичээсэн бэ?

-Лхагважав бид хоёр Польшд сурч, төгссөн. Залуу үеийнхээ долоо, найман жилийг тэр улсад өнгөрүүлсэн гэхээр яах ч аргагүй тэр улс бидний нэг гэр болж таарна. Тэр талаараа надад тэсрэлт авчирсан. Гэхдээ энэ бол үзэл санааных биш, туурвих тэсрэлт гэж болно. Хөгжим сонсоод, ном зохиол уншаад хүн уйлж байхыг би зөндөө харсан. Харин зураг хараад сэтгэл нь хөдөлж, уйлж байхыг би хараагүй. Тэгэхээр хөгжим, найраг зохиолд хүний сэтгэлийг хөнддөг нэг өнгө  байгаа биз. Зурагт тийм өнгө байдаг уу гэсэн эрэл хайгуулыг би хийсэн.

-Хөгжим хийсвэрлэлийн урлаг. Уран зурагч ялгаагүй. Оюун ухаан, сэтгэл гэдэг баригдаж, үзэгддэггүй хийсвэр зүйлээс ургадаг. Тэгэхээр бодит юмыг хараад зурах, хийсвэрлэлээс дүрслэн зурахын ялгаа нь юу байв?

-Сонсох, хэлэх, харах гэсэн илэрхийлэл, мэдрэхүйн ялгаатай л болохоос хөгжим, найраг, зураг гурав нэг юм. Харах, харахгүй гэдгээс шалтгаалах бус, би өөрт ирсэн дохиог л гаргахыг хичээсэн.

Цаг хугацаа, орон зайг “хольж хутгаад”, хаа байсан 1800 оныг 21-р зуунд авчирч, “төөрүүлсэн” санаа оноог нь тийм нэг содон мэдрэмжээр гаргаж чадах хүн чухамхүү Ц.Хулан гэж сонгосон нь тун зөв байжээ гэж найрагч бүсгүйн богино мөртүүдийш уншиж байхдаа бодлоо. Түүнээс хэдэн зүйл тодрууллаа.

-Сонссон харсан мэдрэмжээ үгээр илэрхийлэх нь нэг хэрэг. Та энэ удаагийн хамтын ажлаараа юу илэрхийлэхийг хүссэн бол. Энд дэлгэсэн уран зургуудад, энэ сэдэл санааг төрүүлсэн хөгжимийн бүтээлд нь шүлгээ “наалдуулах” гэж оролдов уу?

– Хоёр зураач Шопений зохиолыг сонсоод зурж байх явцад, өөрөөр хэлбэл урланд нь миний шүлгүүд төрсөн. Шопений бүтээлүүдийг сонсонгоо Лхагважав, Дарамбазарын зургийг хараад юу мэдэрснээ хэлэхэд бидний санаа ерөнхийдаа таарч байсан. Жишээ н, “Шөнө чи мандтугай” бүтээл гэхэд бүхнийг эн тэнцүү болгодог шөнө ирэхэд хаан, харц дээд доодын ялгаа байхгүй бүгд л зовхи гэдэг хөшгөө хаагаад нойрсдог гэсэн санаа тусгасан. Хамгийн түрүүнд мэдрэмжээр буусан шүлгүүд минь хоёр зураачийн зурагт тохирч, эргээд тэр зургууд Шопений бүтээлийг тодотгож чадсан бол бүр тодруулбал, гурван огтолцол маань Шопенийг тодорхойлж чадсан бол бидний зорилго биелж, олзтой басны илэрхийлэл юм. Энэ бол оролдлого, эхлэл төдий. Дэлхий галерейнуудад ийм оролдлого хийж байсан болно. Монголын хувьд энэ бол анхдагч. Сонирхуулахад, Ф.Шопений хөгжилтэй, тэмүүлэлтэй, бадрангуй, хайр сэтгэлтэй, хөнгөн гунигтай гээд олон эгшиг, илэрхийлэлтэй этюд, полонез, вальс, сонат, ноктюрн зэрэг бүтээлүүдээс “ургуулсан” 36 уран зураг дэлгэсэн энэ үзэсгэлэнгйин нэрийг соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан өгсөн юм билээ. Нэрэндээ тохируулан

“Арванесдүгээр зуун, аравдугаар он гуравдугаар сар, нэгний өдөр

Аялгуут нэгэн солир огторгуйгаас харважээ.

Дэлхийн тойрог замыг тэрбээр гэрэлтүүлсээр

Дэргэдүүр шатаж өнгөрөхөд нь аялгуу эгшиг дуурсчээ

Сэрэмгүй харвасан тэр од сэтгэлийн сонор мялаасан

Аялгуут тэр солирыг хүмүүс Фридерих Шопен” хэмээн тэрлэжээ.

“Аялгуут солир” үзэсгэлэн долоо хоногийн турш “Blue Moon” галерейд үзэгчдийн хүртээл болж байна. Үзэсгэлэн гэхээр нам гүм орчинд зураг, баримал үзээд л чимээгүйхэн гарч явдаг тогтсон хэв маяг санаанд тань бууж байна уу. Тэгвэл хоёр зуун дамжин “ирсэн солир” танд сонгодог урлагийн тоглолтыг давхар сонордуулах юм. Сонорыг тань мялаах уран бүтээлчид бол ХБК-ийн багш, оюутан, сурагчид болон ДБЭТ-ын хөгжимчид.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.