Энэхүү өдөрлөгт яамны харъяа мэргэжлийн урлагийн байгууллагууд, музей, спорт болон аялал жуулчлалын холбоод өөрсдийн үйл ажиллагаа олон нийтэд тайлагнан, төсвийн хөрөнгөөр юу хийж бүтээснээ дэлгэн үзүүлсэн юм. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Уянга сумын урлаачдын бүтээсэн монгол гэрийг байршуулан ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвүүдийн танилцуулга, батламжийг олон нийтийн хүртээл болгосноос гадна бий биелгээ, лимбэний битүү амьсгаа зэрэг соёлын биет бус өвийг хурсан олонд зааж, гарын авлагыг тараалаа. Харин спорт холбоод эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн зэргийг зааж уран гимнастик, таеквондогийн үзүүлбэр зэргийг толилуулав.
Мөн “Мөнгөн мод”-ын эздэд цом, мөнгөн шагналыг нь гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болсноос гадна “Спорт-хөгжил-энхтайван” эссэ бичлэг, гар зургийн уралдааны ялагчдад бамламж мөнгөн шагналыг нь өгөв.
Тус арга хэмжээнд ССАЖЯ-ны харьяа бүх соёл урлагийн байгууллагууд өөрсдийн уран бүтээлийн дээжүүдээс бүрдсэн тоглолтыгзохион байгуулж Чингисийн талбайг бүтэн өдрийн турш хөл хөдөлгөөн, дуу хуур, баяр баясалаар дүүрэн байлгасан юм.
www.URLAG.mn