76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам онцгой үйл явдлуудаар дүүрэн болж өндөрлөлөө. Наадмын үндсэн хэсэгт нийт 22 кино өрсөлдөж, ойролцоогоор 300 гаруй кино толилуулагдаж кино, хэвлэл мэдээллийн салбарын одод, авьяаслаг уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулсан өргөн цар хүрээтэй наадам болж өнгөрөв.

“Алтан баавгай” шагналыг найруулагч Илькер Чатак-ийн “Шар захидлууд” (“Gelbe Briefe”) бүтээл хүртэж, 20 гаруй жилийн дараа герман найруулагч энэхүү дээд шагналыг дахин хүртсэн онцгой тохиолдол боллоо. Шүүгчдийн зөвлөлийн дарга алдарт найруулагч Вим Вендэрс уг бүтээлийг нийгэмд гарч болзошгүй өөрчлөлт, хөгжлийн талаарх дохио, сэрэмжлүүлэг өгөхүйц бүтээл болжээ хэмээн үнэлсэн байна.

Мөн Сандра Хюллер “Rose” киноны гол дүрээрээ “Мөнгөн баавгай” шагнал хүртэж, герман жүжигчний хувьд өмнөх кино наадам дахь амжилтаа үргэлжлүүлэн бататгалаа.
Монгол Улс ч энэ удаагийн наадамд улсаа төлөөлж “Давс үүрсэн 40 жил” баримтат киноны төрлөөр оролцжээ. Уг бүтээлд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд дөрвөн ахмад настнуудын Дунд голоос давс олборлох уламжлалт үйл явцыг өгүүлнэ. Энэхүү нөр их хөдөлмөр шаардсан ажил нь зөвхөн байгаль орчинд төдийгүй орон нутгийн иргэд, тэдний мал сүрэг, цаашлаад хөрш зэргэлдээ нутгийн хамтын нийгэмлэгүүдэд үр өгөөжөө өгдөг болохыг харуулсан, олон улсын үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн бүтээл болжээ.

