Монгол Улсын Гавьяат багш, ахмад зураач, сурган хүмүүжүүлэгч Сагдолдагийн Газизагийн “Өнө эртнээс уламжлагдан ирсэн үнэт өв-хээ угалз” буюу “Казах ардын хээ угалзууд” зурагт ном хэвлэгдэн гарч олны хүртээл боллоо.
С.Газиза гуай аавынхаа зааж сургасны дагуу хүүхэд ахуй цагаасаа зураг зурж, эмэгтэйчүүдийн хувцас, гоёл чимэглэлүүдийн загваруудыг зурж, урлан бүтээж эхэлсэн тэрбээр 1964 онд Багшийн дээд сургуулийг шугам зургийн багш мэргэжлээр дүүргээд, аймгийн төвийн 1 дүгээр сургуульд 40 гаруй жил багшилж гавьяаныхаа амралтад гарчээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн хувцас, гоёл чимэглэлүүдийн загваруудаас гадна хивс, ширдэг, аравч зэрэг эд зүйлсийг казах үндэсний хээ угалзын уламжлалт болон орчин үеийн загваруудаар зурж, улс, орон нутгийн болон олон улсын уралдаануудад амжилттай оролцож, гар урлал, үйлдвэрлэлд нэвтрүүлж, гурван боть ном болгон хэвлүүлж, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаа юм.
Сонирхуулахад, 224 өнгөт хуудаснаас бүрдсэн “Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл бөгөөд казах үндэсний аравч, ширдэгний загваруудыг уламжлалт болон шинэлэг хэлбэрээр зурж, фото зурган цомог болон компьютерээр боловсруулан оруулсан нь судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахад тохиромжтой томоохон бүтээл болжээ.
Казах үндэсний хээ угалзууд нь гэрийн тавилга, хэрэгслүүдийг гоёх, хувцас болон гоёлын ээмэг, зүүлт, бугуйвч зэргийг чимэглэхэд ашигладаг бөгөөд төрлөөсөө хамааран эв эе, эд баялаг, эрүүл энх, аз жаргал, арвижин дэлгэрэхийг бэлгэддэг олон төрлийн утга агуулгатай.

