Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнгөрсөн баасан гарагт нээлээ.
Өнгөрсөн хугацаанд 70 шахам жил шашин соёлыг үгүйсгэж ирсний дараа монголчуудын оюун санааны нэг хэсэг болж байсан бурхны шашны соёлын эд зүйлс нэн ховордох болсон үеэс цуглуулж ирснээ тус үзэсгэлэнд дэлгэж буйгаа Ц.Батсайхан онцолж байв.
Үүнд, монголын шашин соёлын холбогдолтой шүтээн уран зураг, шашин номын зан үйлд зориулсан монгол зураг, модон барын хэвлэмэл зураг, бурхны уран баримал зэрэг 700 гаруй ховор сонин үзмэр багтжээ.

Нээлтийн үеэр судлаач, цуглуулагч Ц.Батсайхан ярихдаа, “Монголд шашин гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Хүннүгийн үе, XIII зуун, XVII зуун багтдаг. Харин XX зуунд тодорхой хугацаанд тасалдсан бөгөөд 2000 оноос хойш дахин сэргэж, дөрөв дэх удаагаа дэлгэрч байна гэж хэлж болно. Тэрхүү 70 гаруй жилийн хугацаанд шашин хэлмэгдэж, лам нар хавчигдан, сүм хийд, эд өлгийн зүйлс устаж үгүй болсон. Монголын шарын шашин ард түмний дунд өргөн дэлгэрч, тухайн цаг үеийн сэхээтэн, эрдэмтэн, бичгийн хүмүүсийн ихэнх нь лам нар байв. Тэд гүн сүсэг бишрэлийг эрхэмлэн, уран бүтээлээ туурвиж байжээ. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь ард түмний гараар дамжин хадгалагдаж, зарим нь авдрын ёроолоос гарч ирсэн эд өлгийн зүйлс юм. Би энэ чиглэлийн мэргэжлийн судлаач биш, харин сонирхлоороо судалж ирсэн. Монголын соёлын чиглэлээр 30 орчим ном бүтээсэн. Цаашид дахин ном гаргах төлөвлөгөөтэй байна” хэмээн онцолж байв.
Мөн тэрбээр 30 гаруй жил монгол орны түүх соёлыг сонирхон түүх угсаатны зүйн холбогдолтой эд зүйлс цуглуулах, судлах, судалгааны үр дүнгээрээ ном хэвлэх, үзэсгэлэн бэлтгэж олон нийтэд дэлгэн үзүүлэх, улс орон нутгийн болон хувийн музейнүүдэд үзмэр өгч иржээ.
Тус үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болно.


