Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд МЭ Vll-Vl зуунд хамаарах хүрэл амгай хадгалагдаж байна. Хүрлээр цутгаж хийсэн амгайн урт 19см, өргөн 1см, жин 140гр, зузаан нь 0.6см хэмжээтэй.
Загийн голоос Музейн эрхлэгч байсан Л.Юндэнбат хайгуулаар олж сан хөмрөгийг баяжуулснаар аймгийн Засаг даргын 1995 оны арванхоёрдугаар сарын 8-ны 237 дугаар захирамжаар музейн хамгаалалтанд авсан байна.
Морь малын аманд үмхүүлэх хазаарын нарийн гонзгой төмөр, зажилбарыг амгай хэмээн нэрлэдэг. Амгай нь морийг жолоодон чиглүүлэх, хурдыг нь тохируулах зориулалттай. Монголчууд хүрэл амгайг хурдан морь, ёслолын морь, сайн хүлэгт илүү тохиромжтой гэж үздэг.
Адууны хазаар (амгай) нь олон төрөлтэй бөгөөд адуу бүрийн ам, зан араншин, ажил үйлд тохируулан сонгох хэрэгтэй байдаг. Хазаарны амгай нь адууны аманд шууд нөлөөлдөг тул онцлог нь маш чухал. Хүрлээр хийсэн морины амгай нь зэврэлт бага, чийгэнд төмрөөс бага идэгддэг тул өнгөө удаан хадгалдаг бөгөөд хүрэл металл нь хэт хүйтэн, хатуу мэдрэмж багатай гэж үздэг. Мөн шаргалдуу өнгөтэй, сийлбэр хийхэд тохиромжтой учраас хээ угалзтай гоёмсог хийцтэйгээр хийх нь бий. Түүнээс гадна хазаар хөдөлгөхөд гарах жингэнэх авиа нь өвөрмөц бөгөөд эдэлгээ сайн даадаг давуу талтай.
Ташрамд, Монголчууд хүүхдийн ам гэмтэхэд нагацын морины халуун амгай зуулгаж домнох зан үйл бий.

