39 дэх удаагийн Үндэсний номын баяраар зохиолч Г.Тулгаа “Амьд байхыг хориглоно” анхны романаа уншигч түмэндээ өргөн барьсан юм.
Тэрбээр “Амьд байхыг хориглоно” романыхаа талаар “Номын маань хавтсыг харсан хүмүүс “Энэ чинь кино билүү” гэж их асуулаа. Удахгүй кино болох юм болов уу гэж бэлгэшээж л сууна. Энэ бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол юм.
Энэхүү ном 1927 оноос эхлээд 1936-1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийн үйл явдлыг хамарсан бөгөөд “Амьд байхыг хориглоно” нэрээс эхлээд утга учир нь тайлагдана. Өдгөө бид амьд явах эрхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан туурга тусгаар Монгол Улсад амьдарч байна. Харин хэлмэгдүүлэлтийн тэр үед гадаад ертөнц БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн эсэх гээд социализмыг Монголд төгөлдөржүүлэх үйл явц эхэлж байлаа. Тэр нийгмийн иргэд алсын хараагүй, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, эдлэх өмчлөх эрхгүй буюу харахад амьд боловч цаад бодгаль нь үхчихсэн байжээ. Амьд байхын тулд яаж амьдрах вэ гэдэг өөрсдийн бодол оюун, сэтгэл зүрхэнд нь хадгалагдаж байсан болохоос илэрхийлж байсангүй. Эвгүй биеийн хэлмэж үзүүлэхэд хилс хэрэг үүрэх аюултай байсан тул сүүдрээ хүртэл айх хэмжээнд хүрсэн гэдэг. Тиймээс л “Амьд байхыг хориглоно” гэж нэрлэсэн” гэсэн юм.
Үргэлжлүүлэн “Номыг уншиж эхлэхэд Богдын тамгатай 13 хувилгааны сүүлчийн гэгээн Дилав хутагт Жамсранжавын тухай өгүүлж эхэлнэ. Эсэргүү нэр зүүж хилс хэргээр гүтгэгдэн Монголоос гарсан боловч түүхэн бодит сурвалжид Монголын тусгаар тогтнолд онцгой гавьяа байгуулсан хүн гэдэг нь тодорхой болж байна. Дилав хутагт зохиолын гол дүр Очирыг балчир насанд нь гэрт нь очиж эмчилж байжээ. Завхан аймагт болсон энэ үйлээс зохиолын гол зангилаа явдал эхэлж байгаа юм.
Хэлмэгдүүлэлтийн тэр үед хүмүүсийг үгүйсгэхийн тулд нэр ч үгүй, төр ч үгүй, гэрч үгүй, дүр ч үгүй болгодог байсан. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэл дэх нэрээс эхлээд тэр хүнтэй холбоотой дурсамжийг устгадаг байсан хэцүү цаг үе юм. Тиймээс энэ хэцүү цаг үе давтах вий гэж сэрэмжлүүлэн бичигдсэн зүйл бас бий. Бид өнгөрсөн түүхээс олон зүйлийг ойлгож, сэхээрдэг. Хэн нэгнийг үгүйсгэж, огтоос байхгүй болгох боломжтой аймшиг давтагдаж болохгүй гэх түүхэн сургамжийг өгөх үүднээс мөн бичигдсэн.
Роман бичнэ гэдэг хүнд ачаа. Хувь хүнээс эхлээд архив түүхийн баримт, судалгаа их орно. Тиймдээ ч би энэ номыг таван жилийн өмнө эхлүүлж, сүүлийн нэг жил нэлээн чамбайруулан суулаа” гэлээ.

