Артур хаан, шидтэн Мерлин, Ариун Грааль аяганы тухай түүхийг өгүүлдэг Дундад зууны үеийн гар бичмэлийг Лондон дахь Christie’s дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулахаар болжээ.
XIII–XIV зууны үед бичигдсэн онцгой ховор нандин энэхүү бүтээл 700 орчим жилийн турш хувь хүний цуглуулгад байсан бөгөөд дуудлага худалдаагаар 2.7 сая ам.долларын үнэд хүрч магадгүй байна.
“Клермон-Тоннерийн Грааль” гэдэг нэртэй энэхүү гар бичмэл бол Артур хаан, шидтэн Мерлин, Дугуй ширээний хүлэг баатрууд, Ариун Граалийн аяганы эрлийн тухай өгүүлсэн хамгийн эртний бичвэрүүдийн нэг юм.

Christie’s ордноос мэдээлснээр, гар бичмэлийг 1290-1310 оны хооронд туурвисан бололтой. Эртний франц хэлээр бичигдсэн уг бүтээл нь “Ланселот-Грааль” гэдэг цуврал романуудын нэг бөгөөд Европын утга зохиол, соёлд асар их нөлөө үзүүлсэн юм.
126 зураг бүхий гар бичмэлийг илгэн цаасан дээр /пергамент/ туурвисан бөгөөд алтан ялтсаар чимэглэжээ. Christie’s ордны шинжээчдийн үзэж байгаагаар, уг бичмэлийг олон нийтэд үзүүлж байгаагүй бөгөөд эрдэмтэд ч судалж амжаагүй гэнэ.
Одоогийн байдлаар, ийм төрлийн ердөө гуравхан ширхэг гар бичмэл хувь хүмүүсийн цуглуулгад байгаа бөгөөд үнэ хаялцуулах гэж буй хувилбар бол хамгийн эртнийх юм. Музейнүүд, номын сангууд болон цуглуулагчид дуудлага худалдааг ихэд сонирхоно гэж шинжээчид үзэж байна.
Дуудлага худалдаа 7 дугаар сарын 8-нд Лондон хотод явагдана.

