Монгол Улсын орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан театрын захирал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын санаачилгаар таван боть номын цуврал, нэг сонсдог ном, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл бүхий нийт долоон номын бүтээлийг эрхлэн хэвлүүлж, уншигч, судлаач, театрын урлагийг шимтэн сонирхогчдын хүртээл болгож байна.
Эдгээр бүтээлийг бэлтгэн хэвлүүлэх ажлын хэсгийг УДЭТ-ын Уран сайхны удирдагч Б.Хишигзаяа ахлан ажиллаж, багийн гишүүдээр УДЭТ-ын Зохиолч, судлаач, хэвлэл мэдээллийн ажилтан Я.Баяраа, УДЭТ-ын Урын сангийн эрхлэгч, утга зохиолын ажилтан С.Баатарцогт тэргүүтэй 30 гаруй уран бүтээлч, судлаач, орчуулагч, мэргэжилтэн ажиллажээ.
Ойн хүрээнд эрхлэн хэвлүүлсэн долоон бүтээлийг танилцуулбал:
“УДЭТ-ын түүх” – Сонсдог ном
Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн түүхэн замналыг 64 сэдэвт хуваан, үйл явдал, уран бүтээл, түүхэн баримтуудаар баяжуулан өгүүлсэн, 10 гаруй цагийн сонсдог ном.
Г.А.Уварова – “Орчин үеийн Монголын театр” (1920–1945)
Монголын орчин үеийн театрын үүсэл, төлөвшил, хөгжлийн эхэн үеийг судлан шинжилж, тухайн цаг үеийн театрын урлагийн түүхэн үйл явцыг өгүүлсэн судалгааны бүтээл.
А.Д.Попов – “Жүжгийн найруулгын цогц чанар”
Жүжгийн найруулгын онол, арга зүй, тайзны уран бүтээлийн нэгдмэл цогц чанар, найруулагчийн уран бүтээлийн үзэл баримтлалын асуудлыг хөндсөн мэргэжлийн бүтээл.
Ю.П.Любимов – “Чалчаа өвгөний савчаа яриа”
1960–1980-аад оны Зөвлөлтийн театрын урлагийн түүхэн орчин, Юрий Любимовын уран бүтээлийн замнал, улс төрийн үзэл суртал, хавчлагын нөхцөлд туурвисан он жилүүд, Таганка театрын үүсэл хөгжил болон Владимир Высоцкий зэрэг сод уран бүтээлчдийн тайзны бүтээлч ертөнцийн тухай өгүүлсэн бүтээл.
Лайош Эгри – “Жүжгийн зохиол бичих урлаг”
Жүжгийн зохиолын бүтэц, дүрийн хөгжил, зөрчил, зохиомж болон драматургийн үндсэн зарчмуудыг тайлбарласан, жүжгийн зохиолч, уран бүтээлч, судлаачдад зориулсан онол, арга зүйн чухал бүтээл.
“Театрын содон хүмүүс – Найруулагчид”
Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн түүхэнд өөрийн авьяас билэг, уран бүтээлээрээ мөрөө үлдээсэн үе үеийн найруулагчдын хөрөг нийтлэл, намтар, театрт найруулсан уран бүтээлийн жагсаалтыг багтаасан түүх, дурсамжийн бүтээл.
“Ахмад үеийн арга туршлага” – Эрдэм шинжилгээний илтгэлийн эмхэтгэл (2026)
Театрын урлагийн хөгжил, уламжлал, шинэчлэл, ахмад үеийн уран бүтээлчдийн арга туршлага, мэргэжлийн өв, судалгааны илтгэлүүдийг нэгтгэсэн эрдэм шинжилгээний бүтээл.
Эдгээр долоон бүтээл нь Монголын театрын урлагийн түүхэн замнал, үе үеийн уран бүтээлчдийн хөдөлмөр, авьяас билэг, мэргэжлийн арга туршлага, оюуны бүтээлийг баримтжуулан үлдээж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад чиглэсэн соёл, оюун санааны үнэт өв юм.


