К-попын ахмад дайчид болох “Bigbang” хамтлаг удахгүй болох 20 жилийн ойгоо тохиолдуулан аялан тоглолт хийхээр төлөвлөж буйгаа өнөөдөр /2026.06.11/ зарлалаа.
“YG Entertainment”-ийн цахим хуудсанд гарсан хуваариас харвал, тоглолт наймдугаар сард Өмнөд Солонгосын Куян хотоос эхлээд, Хойд Америк, Европ, Австрали ба далайн орнууд, Азиар үргэлжилнэ. Окленд, Парис, Лондон, Тайпэй, Сингапур, Ханой, Сидней, Бангкок, Токио зэрэг нийт 18 хотод 31 удаагийн тоглолт хийх бөгөөд 2027 оны хоёрдугаар сард аялан тоглолт өндөрлөх бололтой. Өмнөд Солонгосын Куян, Нью Жерсигийн “MetLife”, Парисын “Stade de France”, Лондоны “Tottenham Hotspur”, “Tokyo Dome”, “Kyocera Dome” зэрэг томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглолтууд болно.
Энэ удаагийн тоглолт нь “BIGBANG”-ийн есөн жилийн дараах аялан тоглолт болох учир шүтэн бишрэгчид асар их хүлээлттэй байгаа юм. Хамгийн сүүлд 2017 онд “Last Dance” аялан тоглолтоо тэд хийсэн билээ.

