Британийн поп од Жесси Жэй хорт хавдраа ялан дийлснээ саяхан зарласан билээ. Тэрбээр хорт хавдраас эдгэсэн хүн юуг л бол юуг хийж чаддагийг харуулж, дэлхийг тойрон аялаж байна.
Жесси Жэй тавдугаар сарын 29-ний өдөр Хятаддаа “The Voice”-той дүйцэх “Singer” шоуны тайзнаа гарч, Фрэнк Синатрагийн “My Way” дууг дуулав. Мөн тэрбээр “California” нэртэй шинэ дуугаа дуулахдаа Калифорни гэх үгийн оронд Чанша хотын нэрийг орлуулж дуулжээ. “Singer” шоу Чаншад зохион байгуулагдаж буй.
Тэрбээр 821,600 дагагчтай “Weibo” хаягаараа жиргэхдээ “Хятадад очсон минь хуучны сайхан цагийг санагдууллаа. Одоо ч хүмүүс намайг таньж, хайрлаж байгаа нь хэн хүний төсөөлөмгүй мэдрэмжийг төрүүлж байна. Би бүр Хятадад донтож орхилоо. Хүн ер нь хаана чамд алга ташиж байна, тэнд л байх хэрэгтэй гэж би боддог. Надад Хятадад яг тийм мэдрэмж төрсөн” гэжээ.
Хариуд нь түүний шүтэн бишрэгчдийн нэг “Танаас илүү дуулах хүн энэ дэлхий дээр байхгүй гэж хятадууд бүгд бодож байгаа” гэжээ.
1.4 тэрбум хүн амтай улсад 800 гаруй мянган л дагагчтай гэхээр бага тоо шиг санагдаж магадгүй. Гэхдээ барууны орнуудад карьерын уналтад ороод байсан Жесси Жэйн хувьд Хятад шинэ, ашигтай зах зээл болж байгаа аж.
Жесси Жэй Хятадын урлагийн ертөнцөд анх хөл тавьсан нь 2018 он. Тэрбээр тухайн жилийн “Singer” шоунд оролцож, ялалт байгуулж байв. “Singer” шоуны нэг дугаар нь л 20 тэрбум гаруй үзэлттэй байдаг гэхээр энэ зах зээл хэчнээн том болох нь эндээс харагдана.

