Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Даншиг наадмын хүрээнд зургаадугаар сарын 28-ны орой 20:00 цагт Төв талбайд хаалтын арга хэмжээг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулах гэж буй. Энэхүү тоглолтын талаар уран бүтээлчид мэдээлэл өглөө.
Гавьяат жүжигчин, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Ч.Насантогтох “Манай хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод рок попын бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчид оролцоно. “Соёл-Эрдэнэ” бол бүхэл бүтэн түүхийг өгүүлсэн хамтлаг юм. “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх яаж эгшиглэж байсан яг тэр хөгжмийн найруулгаараа тоглоно. Бидний тоглолтын бэлтгэл хангагдаад байна. Үзэгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч Б.Наранбаатар “Тэртээх 55 жилийн өмнө Монгол Улсад анх рок попын үндэс суурийг тавилцаж, нөхдийнхөө хамт “Соёл-Эрдэнэ” хэмээх нэрийг өгч байлаа. Ингээд “Соёл-Эрдэнэ” чуулга өргөжин филармонитой нийлээд олон жил уран бүтээлээ туурвисан. “Соёл-Эрдэнэ” чуулга бол Монголын рок поп хөгжмийн урсгалын дээд сургууль юм.
Учир нь энэ чуулга байгуулагдсанаас хойш “Харанга”, “Хурд”, “Инээмсэглэл” зэрэг маш олон хамтлаг, дуучин, урлагийн зүтгэлтнүүд төрөн гарсан билээ. 55 жилийн хугацаанд манай хамтлаг зөвхөн өөрийн орноор аялан тоглоод зогсохгүй, Монгол орныхоо рок поп дуу хөгжмийг дэлхийн өнцөг бүрд түгээж явсан. Энэ сайхан үйл явдлыг тохиолдуулан үе үеийн Соёл-Эрдэнэчүүддээ эрүүл энхийг хүсэн ерөөе. Шүтэн бишрэгчид, ард түмэндээ баярын мэнд хүргэе” гэв.

“Соёл-Эрдэнэ 55” хүндэтгэлийн тоглолтод Монголын рок, попын амьд домгууд болох Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнбат, Ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн, Гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Гавьяат жүжигчин С.Бархас, Гавьяат жүжигчин С.Наран, Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, Гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, гитарчин Д.Өлзий-Орших, болон хөгжимчин Б.Нарангэрэл, Х.Тунгалагтамир, дуучин Б.Хонгор, Б.Баярцэцэг, Н.Наранбаатар /Наагий/ Б.Нацагдорж /Наки/, Б.Оюу, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, нийслэлчүүдэд ая дуугаа өргөнө.

