Малгай нь зүгээр нэг толгойн өмсгөл биш бөгөөд тухайн үеийн эрх мэдэл, зэрэг дэв, ахуй соёл, түүхэн үйл явдлыг илэрхийлдэг үнэт өв юм. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд XIII-XX зууны хооронд хэрэглэгдэж байсан төр, цэрэг, шашин, язгууртан болон эгэл ардын олон төрлийн малгайн ховор үзмэрүүд хадгалагдаж, үзэгчдийн анхаарлыг татсан сонирхолтой танхимын нэг болжээ.
Тус музейн үзмэрүүдээс хамгийн эртнийх нь XIII зууны үеийн баатрын малгай юм. Их эзэн Чингис хааны үеийн цэргийн баатруудын өмсөж байсан энэхүү малгайн загварыг сэргээн урласан бөгөөд ШУТИС-ийн багш, зураач С.Болдбаатар бүтээжээ. Энэхүү малгай нь Монголын эзэнт гүрний сүр хүч, дайчин уламжлалыг илэрхийлсэн онцгой үзмэрийн нэг юм.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн сан хөмрөгт 1921 оны Ардын хувьсгалын үеийн түүхэн хэрэглэгдэхүүнүүд хадгалагдаж байна. Тухайлбал, хувьсгалын тэмцэлд ашиглаж байсан орос партизан цэргийн малгай болон Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат, 1921 оны партизан Алгаа агсны өмсөж байсан дөрвөд малгай зэрэг нь тухайн үеийн түүхийг өгүүлэх үнэт өв болон хадгалагдан үлджээ.
Түүнчлэн Монголын дайчин түүхийг илтгэх 1939 оны Халх голын дайнд оролцсон цэрэг эрсийн өмсөж байсан төмөр дуулга, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон дайчдын хэрэглэж байсан төмөр малгай зэрэг үзмэр музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Эдгээр нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан үе үеийн дайчдын түүхэн мөрийг өнөөдөр ч гэрчлэн хадгалсаар байна.
Онцлох үзмэрүүдийн нэг нь Их жанжин Д.Сүхбаатарын өмсөж байсан цагаан эсгий малгай юм. Үүнээс гадна генерал, офицер, партизан зэрэг цэргийн алба хаагчдын хэрэглэж байсан малгайнууд нь музейн үзмэрийн үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна.
Тухайлбал, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Буриад улсын Уушгийн тосгоны харьяат Доржпалам генералын малгай, партизан Б.Гарамжавын офицер малгай, Алтанбулаг сумын харьяат Б.Гомбожав, Дулаанхаан тосгоны харьяат М.Лувсандамба нарын өмсөж явсан офицер малгай зэрэг үзмэр хадгалагдаж байна. Мөн Улсын Бага Хурлын дарга Г.Бумцэндийн өмсөж байсан ногоон офицер малгай нь үзэгчдийн сонирхлыг татдаг байна.
Зөвхөн төр, цэргийн түүхээр хязгаарлагдахгүй, монголчуудын ахуй, шашин, гоёлын соёлыг илтгэх малгайнууд ч мөн хадгалагдаж байна. Лам хуврагуудын өмсдөг шашир малгай, ноёдын хилэн малгай, эмэгтэйчүүдийн тоорцог, халх хатдын өмсөж байсан хатан малгай зэрэг нь тухайн үеийн нийгмийн зэрэг зиндаа, ур хийц, бэлгэдлийг илэрхийлсэн үнэт өв юм.
Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат партизан Ж.Ойдовын өмсөж явсан хилэн малгай, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Л.Гомбожавын дөрвөн талт малгай зэрэг нь тухайн үеийн түүхэн хүмүүсийн амьдрал, цаг үеийн өнгө төрхийг илэрхийлсэн үнэт үзмэрүүдийн тоонд багтдаг. Түүнчлэн төрийн ёслолын зориулалттай малгай ч музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, генерал А.Ганбатын төрийн ёслолд өмсөж байсан малгай нь орчин цагийн төрийн хүндэтгэлийн бэлгэдлийг илэрхийлдэг байна.
Сонирхолтой нь Сэлэнгэ аймгаас нийт 10 генерал төрөн гарсан түүхтэй бөгөөд Ардын армийн дайчдын зуны цэргийн малгай зэрэг олон ховор үзмэрээр дамжуулан Монголын төр, цэрэг, соёлын түүхийг нэг дороос тольдох боломжийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей олгож байна.


