Домогт рок дуучин Жон Бон Жови Нью-Йорк хотын “Madison Square Garden”-д хийж байсан есөн удаагийн цуврал тоглолтынхоо найм дахь өдрийн тоглолтыг төлөвлөснөөсөө эрт дуусгахаас өөр аргагүйд хүрчээ. Учир нь түүний өвчн сэдэрч, тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.
Тэрбээр тайзнаас үзэгчдэд хандан “Уучлаарай. Үнэхээр өвдөж байна. Тиймээс та бүхэнд хамгийн сайн тоглолтоо үзүүлж чадахгүй нь” хэмээгээд тоглолтын тасалбараа хаяхгүй хадгалахыг хүсэж, ямар нэгэн шийдэл олж, тоглолтыг дахин зохион байгуулахыг хичээнэ” гэдгээ хэлжээ.
Дуучны төлөөлөгчийн мэдээлснээр Жон Бон Жови дайвар хөндийн үрэвсэл (sinus infection)-тэй тэмцэж байсан нь тоглолтыг эрт өндөрлүүлэхэд хүргэсэн байна.
Энэхүү цуврал тоглолт нь Бон Жовигийн 2022 онд дууны хөвчний томоохон хагалгаанд орсноос хойших тайзнаа эргэн гарч буй эхний тоглолтууд байсан юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд олон жилийн сэргээн засах эмчилгээ, хоолойн дасгалын үр дүнд бүрэн эдгэрсэн гэж өмнө нь мэдэгдэж байв.

