Америкийн алдарт хардкор панк хамтлаг “Sick of It All”-ийн үүсгэн байгуулагч, гоцлол дуучин Лу Коллер улаан хоолойн хорт хавдартай хоёр жил гаруй тэмцсэний эцэст 59 насандаа өөд болжээ. Энэхүү гунигт мэдээг хамтлагийнхан долдугаар сарын 24-нд олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.
Хамтлагийн мэдэгдэлд “Луг алдсан нь бидний хувьд хэмжээлшгүй их гарз байлаа. Түүний тэмцэл дууссан ч түүний дэлхий даяарх хүмүүсийн зүрх сэтгэлд үлдээсэн мөрийг хэзээ ч мартахгүй” хэмээн дурджээ.
Лу Коллер 2024 оны зургаадугаар сард өөрийгөө улаан хоолойн хавдартай болохоо олон нийтэд зарласан бөгөөд үүний улмаас хамтлаг Европын аялан тоглолтоо цуцалж, эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. 2025 онд тэрбээр хорт хавдраас ангижирсан тухайгаа баяртайгаар мэдэгдэж байсан ч удалгүй өвчин нь дахин сэдэрчээ.
1986 онд Нью-Йоркийн Куинс дүүрэгт байгуулагдсан “Sick of It All” хамтлаг нь хардкор панк урсгалын хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг бөгөөд 12 студийн цомог гаргаж, дэлхий даяар үнэнч сонсогчдын хүрээллийг бий болгосон юм. Энэ жил хамтлаг 40 жилийн ойгоо тэмдэглэхээр төлөвлөж байжээ.

