“Marvel Studios”-оос “Black Panther” цувралын гурав дахь ангийн гол дүрийн жүжигчнийг албан ёсоор зарлалаа. Британийн жүжигчин Дэвид Жонссон “Black Panther 3” кинонд Т’Чаллагийн насанд хүрсэн хүү Т’Чалла II-ын дүрийг бүтээх бөгөөд кино 2028 оны арванхоёрдугаар сарын 15-нд дэлхий даяар нээлтээ хийхээр товлогджээ.
Киног өмнөх хоёр ангийг найруулсан Райан Куглер дахин найруулж, зохиолыг нь бичих юм. Мөн Летиша Райт Шуригийн дүрээр, Уинстон Дьюк М’Бакугийн дүрээр эргэн ирэхээр болсон байна.
Т’Чаллагийн хүүг анх “Black Panther: Wakanda Forever” киноны төгсгөлийн хэсэгт бяцхан хүү байдлаар танилцуулсан бөгөөд гуравдугаар анги түүний насанд хүрч, шинэ Хар Ирвэс (Black Panther) болон төлөвших түүхийг өгүүлэх аж.
Энэ нь 2020 онд таалал төгссөн Чэдвик Боузманы дараа “Black Panther” франчайзын шинэ үеийг эхлүүлэх томоохон алхам гэж үзэж байна. Найруулагч Райан Куглер өмнө нь Т’Чаллагийн дүрийг дахин өөр жүжигчнээр бүтээлгэхгүй гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд шинэ кино нь түүний хүүгийн түүхээр франчайзыг үргэлжлүүлэх юм.

