Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII их хурал өнөөдөр /2026.08.10/ Улаанбаатар хотноо эхэллээ.
Тус их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлэхдээ, “Монгол орон, монгол түмний угсаа гарал, үүх түүх, хэл соёл, аж амьдралыг шинжлэх ухааны онол, арга зүйгээр судлан шинжилж, үнэн бодитой мэдлэг мэдээллийг дэлхий дахинд түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, монголчууд биднийг гадаад ертөнцтэй холбох эрдмийн элч болдог эрхэм хүндэт та бүхэнд Монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дэлхийн амар амгаланг төвшитгөж явсан монголчууд бидний өвөг дээдсийн өнө эртний бахдам түүх, баатарлаг гавьяа нь монгол судлаач та бүхний судалгаа шинжилгээний үр дүнд улам бүр тодорч, цадиг түүх, түүхэн эх сурвалж улам бүр арвижсаар байгааг онцлон тэмдэглэхэд баяртай байна.
Эрт үеэс эдүгээ хүртэлх дэлхийн түүхэнд монгол үндэстний үлдээсэн ул мөр, хүн төрөлхтний соёлын далайд бүтээсэн үнэт өвийг нээн илрүүлэх, судлан шинжлэх үйлсэд оюун ухаан, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулан хүчин зүтгэж ирсэн эрдэмтэн судлаачдыг бүх талаар дэмжиж, монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх нь монгол төрийн эрхэм үүрэг байсаар ирсэн” хэмээн онцлов.
Ерөнхийлөгч цааш хэлэхдээ, “Монгол судлалын уламжлалт салбар чиглэлийг өргөтгөн хөгжүүлж, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Ялангуяа залуу монгол судлаачдыг бэлтгэн төлөвшүүлэх, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, үе үеийн эрдэмтдийн мэдлэг туршлагыг өвлүүлэх нь монгол судлалын ирээдүйн хөгжил, тогтвортой байдлын баталгаа байх болно. Мөн хиймэл оюун, их өгөгдөл, дижитал архив, цахим мэдээллийн сан зэрэг шинжлэх ухаан, технологийн дэвшил нь монгол судлалын хөгжилд шинэ боломжуудыг нээж байна. Тиймээс монгол хэл бичиг, түүх соёлын үнэт өв, эх сурвалж, түүхэн баримтыг цахимжуулах, олон улсын судалгааны эргэлтэд оруулах, нээлттэй мэдээллийн сан бий болгох чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь нэн чухал.
Үүнд эрхэм хүндэт монгол судлаачид та бүхний санал санаачилга, зөвлөмж, идэвхтэй хамтын ажиллагаа нэн чухал болохыг Монгол төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна. Тиймээс Монгол Улс дэлхийн монгол судлалын төвийн хувьд монгол судлалыг эрчимжүүлэн хөгжүүлэх, судалгааны байгууллага, судлаачдын үйл ажиллагааг дэмжих хүрээнд тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлж, монгол судлаачидтай нягт хамтран ажиллаж, бүхий л талаар дэмжих болно” гэлээ.
Монголч эрдэмтний XIII их хурлыг Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Архивын ерөнхий газар, ШУА, “Чингис хаан” үндэсний музей, МУИС, МУБИС, СУИС хамтран зохион байгуулж байна. Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх тус их хурал нь “Чингис хаан” үндэсний музей, МУИС-ийн хичээлийн I, II байр болон тус сургуулийн Монгол-Японы төв, номын сан, Багш, оюутны хөгжлийн төвд болох салбар хуралдаанаар үргэлжилж, монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын талаар 530 гаруй илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Одоогоос 67 жилийн тэртээ 1959 онд Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцсон түүхтэй. Энэхүү олон улсын хурал цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр агуулга, цар хүрээгээ тэлсэн байна. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд нийт 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатны зүй, шашин, соёл, олон улсын харилцаа судлал зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй илтгэл хэлэлцжээ.


