Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ
Кино

Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ

Урлаг Урлаг29/08/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1960-аад оноос эхлэн кино, телевизийн салбарт идэвхтэй ажиллаж, Холливудын олон арван жилийн түүхийг бүтээлээрээ дамжуулан туулсан Америкийн жүжигчин Эллиотт Гулд өнөөдөр 88 нас хүрч байна.

Тэрбээр “Bob & Carol & Ted & Alice”, “MASH*”, “The Long Goodbye”, “California Split”, “Bugsy” зэрэг кинонд тоглосноос гадна хожуу үеийн үзэгчдэд “Ocean’s” цувралын Рубен Тишкофф, “Friends” цувралын Жек Геллерийн дүрээр илүү танил болсон билээ.

Эллиотт Гулд 1938 оны наймдугаар сарын 29-нд Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт Эллиотт Голдстайн нэртэй төржээ. Түүний ээж Люсиль хиймэл цэцэг худалдаалдаг байсан бол аав Бернард нь хувцас, нэхмэлийн салбарт ажилладаг байв. Тэрdээр Нью-Йорк дахь “Professional Children’s School”-ийг төгсөж, залуу наснаасаа тайзны урлагт хөл тавьжээ.

Эллиотт Гулд мэргэжлийн карьераа эхлээд Бродвейн тайзнаас эхэлжээ. Тэрбээр 1962 онд “I Can Get It for You Wholesale” мюзиклд тоглохдоо ирээдүйн эхнэр болох Барбра Стрейзандтай хамтран ажилласан байна. Энэ үеэс түүний нэр театрын хүрээнд танигдаж эхэлжээ.

1960-аад оны сүүлээр Гулдын кино карьер эрс өсөв. Түүний 1969 оны “Bob & Carol & Ted & Alice” кинонд бүтээсэн Тед Хендерсоны дүр карьерынх нь чухал эргэлтийн цэг болсон юм. Тус дүрээрээ тэрбээр “Оскар”-ын шилдэг туслах жүжигчний номинацид нэр дэвшиж, мөн BAFTA-гийн шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшсэн байна.

Энэ бүтээлээс хойш Гулд Холливудын уламжлалт “төгс баатар”-ын хэв маягаас ялгаатай, энгийн хэрнээ этгээд, дотоод зөрчилтэй дүрүүдийг бүтээх чадвараараа онцгойрох болсон юм.

1970 онд найруулагч Роберт Олтман түүнд “MASH*” киноны мэс заслын эмч, ахмад Трэппер Жон МакИнтайрын дүрийг өгсөн нь Гулдын карьерын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон. Кино асар их амжилт олж, Гулд “Алтан бөмбөрцөг” болон BAFTA-гийн шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшжээ.

“MASH*”-ийн дараа Гулд Олтмантай дахин хамтран ажиллаж, 1973 оны “The Long Goodbye”, 1974 оны “California Split” зэрэг кинонд тоглосон. Ялангуяа “The Long Goodbye” кинонд тэрбээр Рэймонд Чандлерын зохиолын алдарт мөрдөгч Филип Марлоуг орчин үеийн, уламжлалт хэв маягаас эрс өөр өнгө аястайгаар бүтээсэн юм.

Энэ үеийн Гулдын жүжиглэлт нь түүнийг 1970-аад оны Америкийн кино урлагийн хамгийн өвөрмөц жүжигчдийн нэг болгосон гэж үздэг.

Гулд нэг төрлийн дүрд баригдалгүй, инээдмийн, драмын, триллер болон гэмт хэргийн сэдэвтэй кинонд ээлжлэн тоглож байв. “Little Murders” (1971), Ингмар Бергманы “The Touch” (1971), “A Bridge Too Far”(1977), “Capricorn One” (1978), “The Silent Partner” (1978) зэрэг бүтээлүүдэд тоглосон нь түүний жүжигчний цар хүрээг харуулдаг.

Тэр үед Гулд зөвхөн кинонд тоглоод зогсохгүй телевизийн салбарт ч ажиллаж, “Saturday Night Live” нэвтрүүлгийг зургаан удаа хөтөлсөн бөгөөд улмаар тус шоуны алдарт “Five-Timers Club”-ын гишүүн болсон байна.

2000-аад онд Гулд шинэ үеийн үзэгчдийн дунд дахин танигдсан. Стивен Содербергийн найруулсан “Ocean’s Eleven” (2001) кинонд тэрээр хөгшин залилагч, зочид буудлын бизнес эрхлэгч Рубен Тишкоффын дүрийг бүтээжээ.

Рубений дүр нь хошин мэдрэмж, туршлага, бизнесийн ухаан хосолсон бөгөөд Гулдын тайван атлаа өвөрмөц жүжиглэлт уг дүрийг цувралын мартагдашгүй хэсэг болгосон юм. Тэрбээр “Ocean’s Twelve” (2004), “Ocean’s Thirteen” (2007), мөн “Ocean’s 8” (2018)-д уг дүрээ дахин бүтээсэн.

Гулд телевизийн салбарт ч нэр хүндээ хадгалсан. Тэрбээр NBC-ийн алдарт инээдмийн цуврал “Friends”-д Моника, Росс хоёрын эцэг Жек Геллерийн дүрийг бүтээж, цувралын туршид давтагдан гардаг дүрүүдийн нэг болсон.

Мөн “Ray Donovan” цувралд 2013–2016 онд Эзра Голдманы дүрд тоглосон нь түүний телевизийн хожуу үеийн карьерын онцлох ажлуудын нэг юм.

Өдгөө Эллиотт Гулд Холливудын хэдэн үеийн уран бүтээлчдийг холбосон ахмад жүжигчдийн нэг хэвээр байна. Түүний карьер зөвхөн шагнал, алдартай кинонуудаар хэмжигдэхгүй. Харин олон арван жилийн турш өөрийн өвөрмөц жүжиглэлт, дуу хоолой, дэлгэцийн төрхөөрөө кино урлагт үлдээсэн мөрөөрөө үнэлэгдсээр буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026
Кино Урлаг

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026
Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ

29/08/2026

Улсын хүүхэд залуучуудын театр намар цагийн нээлтээ “18 дахь хаврын хайр” драмын жүжгээр хийнэ

29/08/2026

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.