“Нэгүн” студи, хөгжмийн зохиолч Окигийн продюсерлэж буй “Асур” хамтлаг нь хүүхэд залуусын дунд “Another” дуугаараа анх танигдсан билээ. Харин тэд өнгөрсөн амралтын өдрөөр анхны тайз, эхний үзэгчидтэйгээ халуун дотноор уулзсан бөгөөд энэ нь сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа байсан юм.
8 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд “Монгени” цогцолборт зохиогдсон “Зөв зүг” хэмээх хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь “Сайн ээж, жаргалтай үрс” уриан дор болсон бөгөөд Сонгино-Хайрхан дүүргийн I-дүгээр хорооны эмзэг бүлгийн 200 хүүхэд, өрх толгойлсон 200 эхчүүд ийнхүү “Нэгүн” студи болон мисс Ө.Буянхишигийн “Ariana impression trainer” төвийн урилгаар оролцсон.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн бяцхан хүүхдүүд, ээжүүддээ зориулан хүний хөгжлийн сургалт зохион явуулснаас гадна “Асур” хамтлагийнхан уран бүтээлээ толилуулж, 200 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл, 200 эхчүүдэд арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг бэлэглэж, баярлуулсан.
“Нэгүн” студийн хувьд, туурвих уран бүтээлүүдээрээ дамжуулан нийгэмд зөв хандлага, эерэг үзэл санаа, гэрэл гэгээтэй сайн сайхан бүхнийг түгээн хүргэхийг зорьдог бөгөөд ийнхүү цагаа олсон хүртээмжтэй, бүтээлч ажлыг анх удаа зохион байгуулсан нь сайшаалтай. Нөгөөтэйгүүр студийнхээ дэргэдэх “Асур” хамтлагийнхаа анхны тайзыг ашгийн бус төдийгүй эхний үзэгчид нь хүүхэд, эхчүүд байлгахыг зорьсон бөгөөд ийнхүү дуу хуур, аз жаргал, инээд баяслаар дүүрэн нэгэн өдрийг бэлэглэжээ. “Асур” хамтлаг нь чанартай сайн уран бүтээл туурвихаас гадна нийгэмдээ бодитой хувь нэмэр, үе тэнгийнхэндээ сайн нөлөөг үлгэрлэн бусдыг хүмүүнлэгийн үйлст уриаллаа.