“Оскар”-ын шагналт Британийн нэрт кино продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө. Тэрбээр таван арваны турш кино урлагт ажиллаж, олон улсын нэр хүндтэй найруулагчдын бүтээлүүдийг продюсерлосон уран бүтээлч байв.
Жереми Томас 1987 онд продюсероор ажилласан “The Last Emperor” киногоороо “Оскар”-ын шилдэг кино шагналыг хүртсэн юм. Бернардо Бертолуччигийн найруулсан уг бүтээл тухайн жилийн “Оскар”-ын наадмаас нийт есөн шагнал хүртсэн бөгөөд Томасын продюсерын карьерын хамгийн том амжилтуудын нэг болсон байна.
Тэрбээр мөн “The Sheltering Sky”, “Merry Christmas, Mr. Lawrence”, “Crash”, “Sexy Beast”, “A Dangerous Method”, “High-Rise” зэрэг олон онцлох кинонд продюсероор ажиллажээ. Түүний хамтран ажилласан найруулагчдын дунд Бернардо Бертолуччи, Дэвид Кроненберг, Николас Рөүг, Жонатан Глейзер зэрэг нэрт уран бүтээлчид багтдаг.
Томас 1970-аад онд “Recorded Picture Company”-ийг байгуулж, улмаар бие даасан болон зоримог сэдэвтэй кино бүтээлүүдийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрбээр кино урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, Европын кино академийн шагнал болон Их Британийн CBE цолоор хүртэж байжээ.
Жереми Томас есдүгээр сарын 11-нд Оксфордшир дахь гэртээ гэр бүл, дотнын хүмүүсийнхээ дунд тайван амгалан нас барсан байна. Түүний продюсероор ажилласан Японы найруулагч Такасү Миикэгийн “Bad Lieutenant: Tokyo” кино түүнийг нас барсны дараа Торонтогийн олон улсын кино наадамд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

