Монголын уран зургийн галерей, Дүрслэх урлагийн академи хамтран мэргэжлийн зураач, залуу уран бүтээлчид болон оюутан залуусын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хөрөг зургийн бүтээл туурвих арга барил, үйл явцтай биечлэн танилцуулах зорилготой мастерклассыг зохион байгууллаа.
Энэ удаагийн мастеркласст хөрөг зургийн мастер, зураач Т.Одон урилгаар оролцож, хөрөг зургийн онцлог, дүр төрхийг судлан шинжлэх, хүний зан чанар, дотоод мөн чанарыг дүрслэлээр илэрхийлэх арга барилын талаар мэргэжлийн мэдлэг, туршлагаасаа хуваалцан, практик хичээл удирдан явууллаа.
Мастерклассын хүрээнд оролцогчид мэргэжлийн зураачийн арга барил, бүтээл туурвих үйл явцтай ойроос танилцаж, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, өөрсдийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж бүрдсэн юм.

