Монголын уран зургийн галерейн их танхимд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, хүндэт профессор Л.Бумандоржийн “Бум арт” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Л.Бумандорж зураач нь ХБНГУ-ын Лейпциг хотын Дүрслэх урлагийн дээд сургуулийг график болон номын урлагийн чиглэлээр төгссөн. Тэрбээр Улсын маркийн газарт ерөнхий зураач, Дүрслэх урлагийн дээд сургуулийн захирал, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн захирал зэрэг албыг олон жил хашиж, салбарынхаа хөгжил болон ирээдүйн уран бүтээлчдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Энэ удаагийн “Бум арт” үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон хувийн цуглуулгын шилдэг бүтээлүүд, сүүлийн үед туурвисан шинэ санаа, эрэлхийллүүдийг зэрэгцүүлэн дэлгэж, харьцуулан үзэх боломжийг урлаг сонирхогчдод олгож байгаагаараа онцлогтой.
“Бум арт” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд энэ сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.


