Жүжигчин Махершала Али “Marvel Studios”-ын удаан хугацаанд хөгжүүлсэн “Blade” кино өнөөг хүртэл бүтээгдээгүй байгаа нь студийн ерөнхийлөгч Кевин Файн карьер дахь “хамгийн том бүтэлгүйтэл” гэдэгтэй санал нийлж буйгаа илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр Variety-д ярьсан байна.
“Marvel Studios” 2019 онд Сан-Диегогийн “Comic-Con”-ы үеэр Алиг “Blade” киноны гол дүрд тоглохоор болсныг анх зарласан. Гэвч түүнээс хойш төсөл олон удаа өөрчлөгдөж, найруулагч болон зохиолчид солигдон, үйлдвэрлэл эхэлж чадалгүй хэдэн жил өнгөрчээ.
“Blade” киног бүтээх явц хэд хэдэн удаа зогссон. Анхны найруулагч Бассам Тарик 2022 онд төслөөс гарсан бол удаах найруулагч Янн Деманж 2024 онд ажлаа орхисон. Үүний зэрэгцээ киноны зохиол хэд хэдэн хувилбараар шинэчлэгдсэн байна.
Анх “Blade” кино 2023 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж байсан ч хойшилсоор 2025 оны хуваарьт орсон. Харин “Disney” 2024 онд уг бүтээлийг нээлтийн хуваариасаа бүрэн хассан бөгөөд одоогоор шинэ нээлтийн огноо болон найруулагч албан ёсоор зарлагдаагүй байна.

