“Оскар”-ын хоёр удаагийн шагналт жүжигчин Жессика Лэнж Холливудын карьераа эхлүүлсэн 1976 оны “King Kong” киноны дүрд анх шалгуулахдаа продюсеруудын сонирхлыг огт татаагүй ч дэлгэцийн сорилын дараа гол дүрд сонгогдсон түүхээ хуваалцжээ.
Өдгөө 77 настай Лэнж “Live with Kelly and Mark” нэвтрүүлэгт оролцохдоо тухайн үед Парисаас Нью-Йоркт буцаж ирээд удаагүй, жүжигчний мэргэжлээр суралцаж эхэлсэн байснаа дурссан байна. Тэр үедээ жүжигчин болохоосоо өмнө зөөгчөөр ажиллаж, Нью-Йоркийн “West Village”-д цахилгаан шатгүй таван давхар байрны дээд давхарт амьдардаг байжээ.
Энэ үеэр нэгэн загварын агентлаг түүнтэй холбогдсон байна. Италийн нэрт продюсер Дино Де Лаурентис 1933 оны сонгодог “King Kong”-ийг шинэчлэн бүтээх кинондоо олонд танигдаагүй шинэ жүжигчин хайж байсан тул Лэнжид Лос-Анжелес руу нисэж, дэлгэцийн сорил өгөх санал тавьжээ.
Гэвч MGM студид очиход продюсеруудын анхны хандлага түүний төсөөлснөөс огт өөр байв. Тэд түүнийг нэг хараад л сонирхоогүй аж. Харин Нью-Йорк дахь агент нь түүнийг Лос-Анжелес хүртэл авчирсан юм чинь ядаж камерын өмнө сорьж үзэх хэрэгтэй хэмээн продюсеруудыг ятгажээ. Ингээд Лэнж дэлгэцийн сорилд орж, эцэст нь киноны эмэгтэй гол дүрд сонгогджээ.
Тухайн үед 26 настай байсан Жессика Лэнж найруулагч Жон Гиллерминий 1976 оны “King Kong” кинонд Дуаны дүрийг бүтээсэн нь түүний кино урлаг дахь анхны дүр болсон юм.

