Америкийн реппер Эминемийн хөгжмийн зохиогчийн эрхийг эзэмшдэг “Eight Mile Style” компани хиймэл оюунд суурилсан хөгжмийн платформ “Suno”-г зохиогчийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд өгчээ. Тус компани Эминемийн 269 хөгжмийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хиймэл оюуны загвараа сургахад ашигласан гэж буруутгаж байна.
“Eight Mile Style” компани “Suno”-гийн эсрэг нэхэмжлэл гаргаж, зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотойгоор 40.35 сая ам.доллар хүртэлх нөхөн төлбөр нэхэмжилжээ.
Нэхэмжлэлд дурдсанаар, “Suno” платформ нь Эминемийн уран бүтээлүүдийг багтаасан зохиогчийн эрхээр хамгаалагдсан хөгжмийн бичлэгүүдийг зөвшөөрөлгүйгээр ашиглан хиймэл оюуны системээ сургажээ. Үүний үр дүнд хэрэглэгчдийн текстэн зааврын дагуу тодорхой уран бүтээлчийн хэв маяг, дуу хоолойг санагдуулам шинэ хөгжим үүсгэх боломж бүрдсэн гэж эрх эзэмшигчид үзэж байна.
“Eight Mile Style” компани нь Эминемийн жинхэнэ нэр болох Маршалл Мэтерсийн хөгжмийн зохиогчийн эрхийг эзэмшдэг бөгөөд түүний уран бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахын эсрэг өмнө нь ч эрх зүйн арга хэмжээ авч байжээ.
Шүүхээс “Suno”-г зохиогчийн эрх зөрчсөн эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсан зүйлс нь одоогоор эрх эзэмшигч талын байр суурь юм.

