“Mary Poppins”, “The Sound of Music” зэрэг киноны дүрээрээ дэлхийн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Английн жүжигчин, дуучин, зохиолч Жюли Эндрюс өнөөдөр 91 нас хүрч байна.
Түүний тайз, кино, телевизийн урлагт зориулсан амьдрал дал шахам жилийн баялаг түүхэн замналтай.

Жюли Эндрюс 1935 оны аравдугаар сарын 1-нд Английн Суррей мужийн Уолтон-он-Темз хотод Жулия Элизабет Уэллс нэртэй төржээ. Ээж нь төгөлдөр хуурч, хойд эцэг нь дуучин байсан тул хөгжим, урлагийн орчинд өссөн байна. Дэлхийн II дайны жилүүдэд дуулах хичээл авч, бага наснаасаа өөрийн онцгой хоолойн чадвараа харуулж эхэлжээ.

Тэрбээр 1940-өөд оны сүүлээр Английн тайзнаа мэргэжлийн түвшинд тоглож эхэлсэн бөгөөд 19 настайдаа Бродвейн “The Boy Friend” мюзиклд тоглосноор Америкийн үзэгчдэд танигджээ. Үүний дараа “My Fair Lady” мюзиклийн Элиза Дулиттлийн дүрийг бүтээж, тайзны томоохон од болсон байна. Мөн “Camelot” мюзиклийн Гвиневерагийн дүрээрээ амжилт гаргажээ.



1964 онд Жюли Эндрюс Уолт Диснейн “Mary Poppins” киноны гол дүрд тоглосноор дэлхийн хэмжээний од болжээ. Мэри Поппинсийн дүр нь түүний кино урлаг дахь анхны томоохон бүтээл байсан бөгөөд Эндрюс уг дүрээрээ “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн байна. Мөн “Mary Poppins” нийт 13 “Оскар”-ын номинацид нэр дэвшиж, таван шагнал хүртжээ.

Дараа жил нь буюу 1965 онд тэрбээр “The Sound of Music” кинонд Мария фон Траппын дүрийг бүтээв. Роберт Уайзийн найруулсан энэхүү мюзикл дэлхийн кино урлагийн сонгодог бүтээлүүдийн нэг болсон бөгөөд Эндрюсийн нэрийг дахин дэлхий даяар таниулжээ. Түүний бүтээсэн Мариягийн дүрээр дамжин “My Favorite Things”, “Do-Re-Mi” зэрэг дуунууд ч үзэгчдийн сэтгэлд хоногшсон юм.




Эндрюс зөвхөн гэр бүлийн мюзиклээр хязгаарлагдсангүй. “10”, “S.O.B.”, “Victor/Victoria” зэрэг кинонд илүү насанд хүрсэн, инээдмийн болон драмын дүрүүдийг бүтээжээ. Ялангуяа 1982 оны “Victor/Victoria” кинонд бүтээсэн дүр нь түүнд Оскарын гурав дахь номинацийг авчирсан байна.
Мөн тэрбээр хоёр дахь нөхөр, найруулагч Блэйк Эдвардс-тайгаа хэд хэдэн уран бүтээл дээр хамтран ажилласан юм.


2000-аад онд Эндрюс залуу үеийн үзэгчдэд “The Princess Diaries” болон “The Princess Diaries 2: Royal Engagement” киноны хатан хаан Кларисс Ренальдийн дүрээр дахин танигдсан. Түүнчлэн “Shrek”, “Despicable Me” зэрэг хүүхэлдэйн кинонд дуу оруулж, өөрийн хоолойн уран бүтээлээ үргэлжлүүлсэн байна.
Тэрбээр мөн хүүхдийн ном бичих, телевизийн төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн. 2017 онд “Netflix”-ийн “Julie’s Greenroom” хүүхдийн цувралыг хамтран бүтээж, 2020 онд охин Эмма Уолтон Хэмилтонтойгоо “Julie’s Library: Story Time with Julie Andrews” подкастыг эхлүүлжээ.

Түүний уран бүтээлийг “Оскар”, BAFTA, “Алтан бөмбөрцөг”, “Эмми”, “Грэмми” зэрэг олон нэр хүндтэй шагналаар үнэлсэн бөгөөд 2000 онд Их Британийн хатан хаан II Элизабет түүнд “Dame Commander of the Order of the British Empire” буюу Британийн эзэнт гүрний одонгийн Дэйм командер цол хүртээжээ. Тэрбээр мөн 2001 онд “Kennedy Center Honors” буюу Кеннедигийн нэрэмжит төвийн хүндэт өргөмжлөл, 2007 онд SAG авардсын “Life Achievement Award” буюу Жүжигчдийн эвлэлийн “Насан туршийн амжилтын шагнал”, 2022 онд “AFI Life Achievement Award” буюу Америкийн кино хүрээлэнгийн “Насан туршийн амжилтын шагнал” хүртсэн байна.

