Төв аймгийн есөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 330 гаруй сурагчийг түүх, соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газартай танилцуулах аялалд хамрууллаа.
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан аяллаар сурагчид өөрсдийн амьдарч буй нутаг орны түүх, соёл, байгальтай танилцаж, дурсгалт газруудын талаар мэдээлэл авчээ.
Тухайлбал, Эрдэнэ сумын Чингис хааны морьт хөшөө, Гүнжийн сүм, Тоньюкукийн хөшөө, Баянцагаан сумын Чихэртийн зоо, Зогсоол хайрхан зэрэг газарт очиж, түүх, соёлын өв болон байгалийн тогтоцтой танилцсан байна.
Аялалд Архуст, Эрдэнэ, Баянчандмань, Заамар, Баянцагаан, Борнуур, Баян, Жаргалант, Сэргэлэн сумын сурагчид оролцжээ.
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ жил “Дижитал хөтөлбөр ба хиймэл оюун ухаан” уриан дор тэмдэглэлээ. Уг өдрийг 1980 оноос НҮБ-ын гишүүн орнуудад тэмдэглэж ирсэн бөгөөд аялал жуулчлалын үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой юм.

