Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дахь Тээгийн голын хавцлын “Харандаа хад” хэмээх баганан хүрмэн чулуун тогтцын баганууд 20-25 метр өндөр бөгөөд хамгийн өндөр нь 30 метр хүрдэг байна.
Хишиг-Өндөр сумын Орон нутаг судлах музейн эрхлэгч асан, ахмад настан Д.Жаргалсайханы мэдээлснээр, Орхон голын цутгал Тээгийн голын хавцал буюу Өндөр хясааны зүүн тийш харсан хүрмэн хаданд гурван хэсэг баганан тогтоц бий. Эдгээр багана нь ихэвчлэн дөрөв, таван талтай, харандаа мэт нарийхан хэлбэртэй тул нутгийн иргэд, аялагчид “Харандаа хад” хэмээн нэрлэж заншсан.
Баганануудын өндөр дунджаар 20-25 метр бөгөөд зарим нь 30 метр хүрдэг аж. Энэ нь Монголд хэмжилт хийсэн ижил төрлийн зарим тогтоцын өндрөөс илүү үзүүлэлт юм.
Монгол орны хэд хэдэн аймагт ийм төрлийн баганан хүрмэн чулуун тогтоц бий. Тухайлбал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цонжийн чулуу нь олон талт баганан хэлбэрээрээ, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Завхан голын Хомбого толгой нь өргөн бүдүүн багануудаараа онцлог. Харин Архангай аймгийн Жаргалант сумын Чулуут голын Салхитын хясааны баганууд 15-23 метр өндөрт хүрдэг байна.
Баганан хүрмэн чулуу нь галт уулын лав хөрж, царцах явцдаа агшин, олон өнцөгт хэлбэрийн ан цав үүссэнээр бий болдог байгалийн тогтоц юм. Баганууд нь ихэвчлэн дөрөв, тав, зургаан талтай байх бөгөөд хэлбэр, хэмжээ, тархалтаараа харилцан адилгүй байдаг.
Тээгийн голын “Харандаа хад” нь геологийн судалгаа, танин мэдэхүйн ач холбогдолтойгоос гадна Булган аймгийн байгалийн аялал жуулчлалын сонирхолтой үзмэр болох боломжтой юм.

