Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн эчнээ танил жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1977 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 3-нд төржээ.
Г.Эрдэнэбилэг Соёл урлагийн их сургуульд жүжигчин, найруулагчийн мэргэжлээр суралцаж төгсөөд уран бүтээлийн гараагаа Улсын драмын эрдмийн театрт эхлүүлсэн байна. Түүний тайзны уран бүтээлийн замналд “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Тамгагүй төр” зэрэг жүжгийн дүрүүд онцгой байр суурь эзэлдэг. Тэрбээр “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюгийн дүрийг бүтээж, үзэгчдийн талархлыг хүлээсэн бол “Тамгагүй төр” жүжигт Арчуг хааны дүрийг бүтээсэн нь жүжигчний ур чадвараа харуулсан явдал юм.
Кино урлагт ч тэрбээр олон төрлийн дүр бүтээж, өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгожээ. “Чиний эзгүйд” киноны Жаргал, “Би чамд хайртай-2” киноны Хангай, “Бурхан өршөөг” киноны Мөнхөө, “Сая долларын олз” киноны Эрчимхүү, “Үргээлэг” киноны Хангал зэрэг дүрүүд нь үзэгчдийн дунд хэдийнээ танил болсон.
Г.Эрдэнэбилэг жүжигчний мэргэжлээрээ ажиллахаас гадна найруулагчийн хувиар уран бүтээл туурвисаар буй. “Аав”, “Хийморь”, “Тэгри чину” зэрэг кинонд найруулагчаар ажилласан бөгөөд Ц.Цэрэнболдтой хамтран найруулсан “Аав” кино нь Монголын кино урлагийн наадмаас шилдэг киноны шагнал хүртэж байв. Харин “Хийморь” киногоо бүтээхэд гурван жилийн хугацаа зарцуулсан гэдэг.
Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг соёл, урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжигт дүр бүтээж, мөн тооний уран сайхны кинонд тогложээ.

