Өнөөдөр “Маск” продакшны жүжигчин, орчуулгын киноны дуу оруулагч Ш.Жавхлангийн төрсөн өдөр.
Ш.Жавхлан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрж өссөн бөгөөд дунд сургуулиа төгссөний дараа жүжигчин болохоор шийджээ. Ингээд тэрбээр СУИС-ийн кино, драмын ангид суралцаж, 2003 онд жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Оюутан байх үеэсээ урлагийн салбарт хөл тавьсан түүний анхны тайзны дүрүүдийн нэг нь Николай Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Анна Андреевна байжээ.
Сургуулиа төгссөний дараа Ш.Жавхлан МҮОНРТ болон ТВ9 телевизэд орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчнээр ажилласан байна. Энэ үе нь түүний жүжиглэх ур чадвараа хөгжүүлж, дүрийн дуу хоолой, ярианы өнгө аяс, илэрхийлэлд суралцсан чухал туршлага байв.
Улмаар 2006 онд “Маск” продакшн байгуулагдахад тус хамт олны эгнээнд нэгдэж, хошин урлагийн тайзнаа өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлжээ. Түүний цовоо сэргэлэн төрх, эгдүүтэй инээд, хөгжилтэй дүр бүтээх чадвар нь үзэгчдэд ойр дотно санагддаг .
Жүжигчин Ш.Жавхлан “Хайртай бол хартай”, “Single Ladies”, “Миний хайр”, “Аз жаргалын шок”, “Их хотын залуус”, “Такси”, “Анчид”, “Хуримын сюрприз”, “Би ээж болмоор байна”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд”, “Сайн уу, амьдрал минь-2”, “Би дурламаар байна”, “Сайн аав”, “Амьдралоги”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “One Night”, “Онцгой даалгавар”, “Цаасан шувуу”, “Соёлын довтолгоо”, “Улаанбаатарт нэг удаа”, “Сүүдэрт ургасан цэцэг”, “Гэнэтийн зочид”, “No Wifi Zone”, “Гэрэлт одны нууц”, “Нөхөрт гарсны маргааш”, “Цэргийн ээж”, “Нийслэл хүүхэн”, “Ghost”, “Охиндооөгсөн тангараг”, “Хамуу ажиллагаа”, “Гэсэн ч би хайртай”, “Хадланчид”, “Алтан хүргэн”, “Зуун гулууз”, “Гулгаа”, “Хайрын бэлэг”, “Дахин олдохгүй хайр”, “Сүүлчийн шилийн сайн эрс” зэрэг олон ангит болон бүрэн хэмжээний уран сайхны кинонд оролцон тогложээ.

