Холливудын нэрт найруулагч, зохиолч Квентин Тарантино нас ахихын хэрээр зөвхөн кино зохиол бичихээс гадна ном, жүжиг зэрэг олон төрлийн бүтээл туурвихыг илүү эрхэмлэх болсон тухайгаа ярьжээ.
Тэрбээр аравдугаар сарын 23-нд Лос Анжелес хотод болсон “AFI Fest” наадмын үеэр 2019 онд нээлтээ хийсэн “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцохдоо уран бүтээлийнхээ талаар ярилцсан байна.
“Би зохиолч хүн. Миний хийдэг зүйл ердөө л энэ. Би үргэлж ямар нэг зүйл бичиж байдаг” хэмээн Тарантино хэлжээ. Тэрбээр толгойдоо үргэлж кино эсвэл номын санаа тээж явдаг тул дараа нь юу хийхээ мэдэхгүй болох вий гэж санаа зовдоггүй гэдгээ онцолсон байна. Тэрбээр үргэлжлүүлэн “Нас ахих тусам би бичгийн хүн байхыг илүү эрхэмлэх болсон. Тиймээс кино зохиол, ном, жүжиг гээд шүлгээс бусад бүх төрлөөр бичих дуртай. Би шүлэг бичихдээ тийм ч сайн биш” хэмээжээ.
Одоогоор Тарантино тайзны анхны жүжиг болох “The Popinjay Cavalier” бүтээл дээр ажиллаж байна. Хууран мэхлэлт, дүр хувиргалтад суурилсан уг инээдмийн жүжиг нь тайз, дэлгэцийн адал явдалт сонгодог бүтээлүүдээс санаа авсан аж. Жүжгийн бэлтгэл арваннэгдүгээр сард эхэлж, 2027 оны гуравдугаар сард Лондон хотын “West End” театрын тайзнаа нээлтээ хийхээр төлөвлөгджээ. Мөн жүжигчин Саша Барон Коэн тус бүтээлийн жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдсэн байна.

